Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-01 13:58:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, БНХАУ-ын түүхт 70 жилийн ойн хүрээнд “Баярын найрсаг хамтын ажиллагааны өдөрлөг” Баруун-Урт суманд боллоо.

Тус өдөрлөгийг Сүхбаатар аймгийн ЗДТГ, БНХАУ-ын Замын-Үүд дэх Консулын газартай хамтран хийжээ. 

Өдөрлөгийн үеэр хоёр орны найрсаг хамтын ажиллагааны тухай нээлттэй хурал, ЕБС-ийн сурагчдын дунд зарласан Монгол-Хятадын найрсаг харилцаа сэдэвт гар зураг, эсээ бичлэгийн уралдааны шилдгээр шалгарсан сурагчдад шагнал гардуулах, баярын тоглолт зэрэг үйл явдал болсон юм.

Сурагчдын ирүүлсэн бүтээлээс харахад Монголын хүүхдүүд Хятад орны тухай илүү мэдэхийг хүсч байна. Мөн Хятад- Монгол хоёр улсын найрсаг харилцаа Хятад улсын тухай өөрийн гэсэн ойлголтыг илэрхийлсэн байна. Энэ нь цаашид Хятад-Монгол улсын сайн хөршийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх талаар бидэнд урам хайрлаж байгаад баяртай байна. Мөн цаашид хоёр улсын хоорондын соёл, боловсролын салбар хоорондын энэ харилцаа солилцоог улам бэхжүүлж  хөгжүүлэхийг бид эрмэлзэж байна гэдгийг БНХАУ-ын Замын-Үүд дэх Ерөнхий консул Цай Венруй хэллээ.


ЕБС-ийн сурагчдын дунд Монгол-Хятадын найрсаг харилцаа сэдэвт уралдаанд гар зургийн 590 гаруй бүтээл, 140 гаруй эсээ ирж, тусгай шүүгчид хоёр өдрийн турш ажиллан шилдгүүдийг шалгаруулжээ. Мөн энэ найрсаг харилцааны хүрээнд тус аймгийн арван оюутанд тус бүр нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж, 20 сурагчид сурах хэрэгцээнд нь 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Ингэхдээ үнэлгээний голч дүн нь 3.0-аас дээш үнэлгээтэй байхаас гадна соёл урлаг болон бусад оролцооны байгууллагад идэвхтэй байдаг энэ хүүхдүүдийг сонгожээ.

Энэ өдрийн эхэнд БНХАУ-ын Ерөнхий консул аймгийн Засаг даргатай ажлын уулзалт хийж, найрсаг харилцааны хүрээнд энэ харилцааг цаашид авч явах хүүхэд багачуудыг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх, ялангуяа боловсрол нийгмийн салбарт харилцан хамтран ажиллаж, томоохон төсөл арга хэмжээнүүдийг зохион байгуулахаа илэрхийлсэн. Мөн ирэх сарын дундуур аймгийн удирдлагууд болон зохих түвшний хүмүүс БНХАУ-д айлчилж илүү өргөн хүрээнд хэрхэн ажиллах талаар нухацтай ярилцана гэсэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал нийгэм соёлын хүрээнд томоохон үйл ажиллагаануудыг  шат дараатай хийж хэрэгжүүлнэ гэж Ерөнхий консул аймгийн Засаг даргад талархалтайгаар илэрхийлсэн гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа хэлэв.

Холбоотой мэдээ