Хорин км-ийн спорт алхалтын төрөлд Хятадын тамирчин түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-30 10:49:52

ДОХА. /TASS/. Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 20 км-ийн спорт алхалтын төрөлд Хятадын тамирчин Лю Хун түрүүлжээ. Тэмцээн Катарын нийслэл Доха хотод болж байгаа юм.


Өдгөө 32 настай тамирчин Лю Хун 20 км зайг 1 цаг 32 минут 53 секундэд туулсан байна. Энэ төрөлд Хятадын тамирчин Цеян Шэньже хоёрдугаар байрт орсон бол түүний нутаг нэгт тамирчин Ян Люжин гуравдугаар байрыг эзэлсэн байна. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн спорт алхалтын төрөлд нэг улсын тамирчид гурван медаль хүртсэн нь анхны тохиолдол болж байна.  


Тамирчин Лю Хун нь 2016 оны олимпын аварга, 2012 оны Лондоны олимпын наадмын хүрэл медалийн эзэн юм. Энэ удаагийн тэмцээнд тэрбээр ДАШТ-ий 3 дахь удаагийн аварга болжээ. Өмнө нь Лю Хун 2011, 2015 онуудад болж байсан ДАШТ-д түрүүлж байсан аж.


2019 оны 3 дугаар сард Лю Хун Хятадад болсон 50 км зайн спорт алхалтын тэмцээнд шинэ дээд амжилт тогтоосон юм. 

Холбоотой мэдээ