Зеленскийг дарамтлах оролдлого ба Трамп огцрох магадлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-09-26 16:07:33

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Орос улстай холбоо сүлбээтэй гэж буруутгаж байсан бол сүүлийн өдрүүдэд Америкийн Ерөнхийлөгчтэй холбоотой дахин нэг дуулиан газар авах боллоо.


Дональд Трамп 2020 оны сонгуульд өөртэй нь ширүүн өрсөлдөж магадгүй байгаа АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг "нээнтгэнд оруулах”-ын тулд түүний хүүтэй холбоотой хэргийг шалгаж өгөх хүсэлтийг Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд тавьсан гэнэ. Трамп, Зеленский нар 7 дугаар сарын 25-нд утсаар ярилцах үеэрээ уг сэдвээр аминчлан ярилцсан бололтой. Түүгээр ч зогсохгүй Д.Трамп Зеленскийд нөлөөлөхийн тулд Украинд олгох ёстой байсан цэрэг-техникийн тусламжийг 2 сарын хугацаагаар саатуулсан гэх хардлага хүртэл бий.   


Wall Street Journal сэтгүүлд бичсэнийг үзвэл, Д.Трамп телефон утсаар ярих үеэрээ Зеленскийд хандан Д.Байдены хүү Хантер Байдены үйл ажиллагааг шалгахыг хэд хэдэн удаа хүссэн аж. Трампын энэ хүсэлтийг Ардчилсан намынхан “албан тушаалаа урвуулан ашигласан зохисгүй үйлдэл” гэж дүгнэж байна. Тухайлбал,  2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампт ялагдсан Хиллари Клинтон твиттер хуудсандаа  “Ерөнхийлөгч сонгуульд ялахын тулд дахиад л гадаад улсаас тусламж хүслээ” гэж жиргэжээ.  


Энэ бүх яриаг Трамп эрс няцаагаад “энэ бол фейкньюс буюу хуурамч мэдээ, утсаар ярих үед миний яриаг Америкийн болон гадаадын тусгай албад сонсож байж магадгүй учраас би илүү дутуу юм огт ярьдаггүй” гэжээ.


Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл “утсаар ярих үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Украин-Америкийн харилцаанд саад тотгор учруулж буй авлигын хэргийг мөрдөн шалгана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн аж. Уг асуудлаар одоогийн дэд Ерөнхийлөгч Майкл Пэнс Украины Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ мөн ярилцсан бөгөөд Америкийн хөрөнгө мөнгийг зориулалт бусаар зарцуулах боломж олгохгүйн тулд Украины тал авлигатай тууштай тэмцэнэ гэдэгт Трампын засгийн газар итгэлтэй байгааг дуулгасан байна.   


Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко мэдэгдэхдээ “манай улс хэзээ ч гадаад улсын сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд онолын хувьд оролцох боломж байсан ч гэсэн оролцохгүй” гэжээ.


Байдены гэр бүл Украинтай ямар холбоотой вэ?


Жо Байден 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшин өрсөлдөж, Трампыг ялах магадлал өндөртэй байгааг хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ.

Обамагийн үед дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тэрбээр Украинтай холбоотой асуудлыг хариуцаж байсан бол түүний хүү Хантер Байден Украины “Бурисма” хийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг аж. Ийм учраас Хантер тус зөвлөлд орсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэж Америкийн төрийн бус байгууллагууд буруутгах болсон юм.   


Трампын өмгөөлөгч Руди Жулиани хэд хэдэн удаа мэдэгдэл хийхдээ “Байден Украины улс төрд хөндлөнгөөс оролцож, авлигын хэрэгт холбогдсон” гэж байснаас гадна Украины албаны хүмүүстэй уулзах үеэрээ Хантертай холбоотой хэргийг шалгах ажиллагааг идэвхжүүлэхийг хүсч байжээ. Жулианигийн ярьснаар бол, Украины Ерөнхий прокурор асан Виктор Шокин “Бурисма” компанийг шалгасныхаа төлөө Байдены хүсэлт шахалтаар ажлаасаа халагдсан аж.  


Импичмент гэж юу вэ?


Украинтай холбоотой дуулиан дэгдсэний дараа мягмар гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаас Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах /импичмент/ ажиллагааг эхлүүлсэн тухай тус танхимын дарга Нэнси Пелоси мэдэгдлээ.


Импичмент гэдэг нь АНУ-ын Үндсэн хуульд зааснаар “төрийн өндөр дээд албан тушаалтнууд тэдний дотор Ерөнхийлөгч эх орноосоо урвасан, авлигын хэрэг болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж үзсэн тохиолдолд Конгрессоос түүнийг огцруулах замаар хариуцлагад татах үйл ажиллагаа юм. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх тухай асуудлаар парламентад санал хураалт явуулах үйл явц гэж ойлгож болно.


Үүний сацуу гэмт хэрэг гэдэг нь нэлээд өргөн ойлголт бөгөөд импичмент зарлах үндэслэл гэдэгт хууль зөрчсөн үйлдлүүд төдийгүй хувийн зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглах явдлыг оруулдаг байна.  


АНУ-ын түүхэнд импичментийн ажиллагааг гурван удаа явуулж байсан аж. Тухайлбал, Конгресс 1868 онд Ерөнхийлөгч Эндрю Жонсоныг огцруулахаар оролдож байсан бол 1998 онд Билл Клинтоны эсрэг импичмент зарлаж байв. Б.Клинтон Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левински-тэй амрагийн харилцаа үүсгэсэн нь түүнийг огцруулах ажиллагаа явуулах үндэслэл биш байсан бөгөөд гол шалтгаан нь, тэрбээр ийм харилцаа байгаагүй гэж парламентын гишүүдийн өмнө худал ярьсан явдал байлаа. Жонсон, Клинтон нарын эсрэг импичмент зарлах үед Сенатын танхим хориг тавьснаар тэд албан тушаалдаа үлдэж байв. Харин 1974 онд Ерөнхийлөгч Ричард Никсон импичментийн асуудлаарх Конгрессын шийдвэр гарахаас өмнө өөрөө сайн дураараа огцорчээ.  

Тухайн өндөр дээд албан тушаалтныг импичментээр буруутгах эрх Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд байдаг. Б.Клинтон, Р.Никсон нартай холбоотой тохиолдолд импичментийг санаачлагч нь тус танхимын Хуульзүйн хороо байсан бөгөөд уг хороо хоёр ерөнхийлөгчийг шалгах ажиллагааг явуулсныхаа дараа төрийн тэргүүнийг огцруулах хангалттай үндэслэлүүд байна гэж үзээд импичментийн асуудлаар санал хураалт явуулахыг танхимын бүрэн бүрэлдэхүүнд санал болгож байв. Түүнээс гадна хуульд зааснаар Конгресс нь Ерөнхийлөгчийг буруутгаж буй үндэслэлүүдийг шалгахын тулд тусгай хороо байгуулах эрхтэй аж.


Хуульзүйн хороо эсвэл Тусгай хорооноос ирүүлэх Ерөнхийлөгчийг буруутгасан дүгнэлт бүхий баримт бичгийг батлахад Төлөөлөгчдийн танхим дахь ердийн олонхийн санал хангалттай. Одоогоор тус танхимд Ардчилсан намынхан олонх болж байгаа учир Трампын эсрэг санал өгөх магадлал өндөр. Баримт бичгийг баталсан тохиолдолд Конгрессийн дээд танхим болох Сенат руу шилжүүлэх бөгөөд энд жинхэнэ шүүх хуралдаантай төстэй ажиллагаа болно. Төлөөлөгчдийн танхим буруутгагч тал болох бол Сенатын гишүүдийн тангарагтны шүүхийн шүүгчдийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрвээ сенатчдын гуравны хоёроос доошгүй хувь нь Ерөнхийлөгчийг буруутай гэж үзвэл Трамп шууд огцрох бөгөөд түүний албан үүргийг дэд Ерөнхийлөгч Майк Пэнс гүйцэтгэнэ. Гэхдээ огцруулах саналыг Сенатын танхим батлах магадлал маш бага бөгөөд учир нь тус танхимд Трампын нам буюу Бүгд Найрамдах намын гишүүд 100 суудлын 53-ыг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, импичментийг эхлүүлснээр Трамп албан тушаалаасаа огцорно гэсэн үг биш ээ.


Нью-Йорк таймс сонинд бичсэнийг үзвэл, одоогийн байдлаар, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүний 179 нь импичментийг дэмжиж байгаа бол 73 нь эсэргүүцэж, 183 гишүүн байр сууриа илэрхийлээгүй байгаа аж. Дашрамд дурдахад, АНУ-ын Үндсэн хуульд зааснаар, Сенатын танхим нь заавал “шүүх хуралдаан” явуулах албагүй бөгөөд тус танхимд олонхийн суудал авсан намын бүлгийн дарга нь ийм хуралдаан явуулахаас татгалзах эрхтэй. Түүнчлэн  санал хураалт явуулсны үндсэн дээр импичментийн асуудлаарх Конгрессийн тогтоолыг хэрэгсэхгүй болгох эрх бүлгийн даргад байдаг аж.


Үүнээс дүгнэвэл, Сенатын танхим дахь бүгд найрамдахчууд Ерөнхийлөгч Трампыг хамгаалж үлдэх нь үндсэндээ тодорхой байна.


Б.Адъяахүү    

 

Холбоотой мэдээ