“Миний монгол-2025” төслийн хоёрдугаар шат эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-26 13:05:05

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт монгол уран бичлэгийн “Миний монгол-2025” төслийн хоёрдугаар шатны эхний бүсийн сургалт Тосонцэнгэл сумаас эхэлжээ. Тус аймгийн зүүн бүсийн монгол уран бичлэгийн сургалтад таван сургуулийн 300 гаруй хүүхэд, багш нар оролцож байна.

Энэ удаагийн сургалтад хүүхдүүд шинээр хамрагдаж байгаа бөгөөд тэд монгол хэл, уран зохиолын багштайгаа хамт тав хоног суралцах юм байна. Тус хөтөлбөрийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав санаачлан 2019-2021 он хүртэл аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ, аймгийн БСУГ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийг Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичиг үсэгтэй холбоотой гаргасан зарлигуудыг хэрэгжүүлэх, хүүхэд, залуусыг уран бичлэгтэй болгох, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, үндэсний монгол бичгээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа аж. Сургалтыг Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид, мэргэжлийн болон ахмад багш нар, иргэд, сонирхогчдод зориулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дагуу монгол хэл, бичгийн мэргэжлийн 80 багш, 200 сурагчийг уран бичлэгтэй болгож бэлтгэх, ӨМӨЗО-ы Ордос хотын Отог өмнөд хошуудаас багш нарыг урьж ажиллуулах, монгол багш нарыг аялангаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Төслийн үр дүнд Завхан аймгийн хүүхэд, залуусын 80 хувь нь монгол уран бичлэгтэй болно гэж үзэж буйгаа зохион байгуулагчид мэдээлэв.

Холбоотой мэдээ