Солонгос-Монголын хамтарсан сүрьеэгийн эсрэг төслийг хаав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-09-25 16:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төслийн хаалтын ёслол өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд боллоо.

2015 оноос Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, ХӨСҮТ хамтран энэхүү төслийг зорилтот бүлгийн болон оюутнуудын дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох чиглэлээр явуулын үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийжээ.

Төслийн хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн 49 061 иргэн, МУИС, ШУТИС, ХСИС, БХИС, АШУҮИС-ийн 6 205 оюутныг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулан сүрьеэ өвчтэй 309 тохиолдол, үүнээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 53 тохиолдлыг эрт үед нь илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулсан байна.

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кён Ман Ху хэлэхдээ, “Энэхүү төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч үр дүн нь сайн гарсан учраас Монгол, Солонгосын талаас тавьсан саналын дагуу хоёр жилээр сунгасан. Энэ хугацаанд зорилтот бүлгийн 45 мянга гаруй хүнийг үзэж сүрьеэ өвчтэй 300 гаруй хүнийг эмчилгээнд хамрууллаа. Ингэхдээ зуны улиралд автобусанд суурилуулсан рентген төхөөрөмжөөр, харин өвлийн улиралд зөөврийн рентген төхөөрөмжийг тухайн хороо, өрхийн эмнэлэгт байрлуулан иргэдэд үзлэг шинжилгээ хийсэн. Мөн лабораторийн түвшинд молекул биологийн аргаар оношилж баталгаажуулсан” гэв.

Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүрьеэ нь Монголд бүртгэгдэж буй халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Сүрьеэгээр өвчилж буй хүмүүсийн тал хувь нь ажил эрхэлдэггүй, 70 гаруй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна. Түүнчлэн сүрьеэг оношлох, эмчлэх чиглэлээр төрөөс явуулж буй тусламж үйлчилгээг сайжруулах, дүүрэг, аймгийн түвшинд сүрьеэгийн оношилгооны шинэ аргыг үе шаттай нэвтрүүлэх, хороо, өрхийн эмнэлгийн түвшинд эрт илрүүлэх үзлэг шинжилгээг өргөн хүрээнд хийх шаардлагатайг эмч нар хэлж байна.

Ирэх гурван жилд Солонгосын тоног төхөөрөмжөөр сүрьеэтэй өвчтөний гэр бүл, хамаатан садан, нийслэлийн орон гэргүй иргэд, хөдөө орон нутгийн бичил уурхайчид, сургуулийн сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийхээр төлөвлөснөө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Наранзул мэдээллээ. Мөн тэрбээр, эмчийн зааврын дагуу эмээ тогтмол ууж эмчлүүлснээр сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтойг хэлж байв.

Цаашид тус төслийг үргэлжлүүлэх чиглэлээр саналаа БНСУ-ын санхүүжүүлэгч байгууллагад хүргүүлээд байгаа аж.

 


Холбоотой мэдээ