Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-26 10:58:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар энэ сарын 19-23-нд тус улсад айлчиллаа. Тав хоног үргэлжилсэн энэ удаагийн айлчлалаар, хоёр орны стратегийн түншлэл, хамтын ажиллагаа өргөн хүрээнд шат ахиж, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны салбарт  шинэ хаалга нээлээ. Ингээд айлчлалын онцлох үр дүнг тоймлон хүргэж байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, тус улсын Сансрын төв болон эрчим хүч, аутсорсингийн тэргүүлэх компаниудаар зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм. 



Тогтмол айлчлал ба найрсаг харилцаа

    Монгол Улс, Энэтхэг улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд шашин соёлын харилцаатай, “оюун санааны хөрш” орон юм. Сүүлийн үед тогтмол үргэлжилж буй Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглүүштэй. 

    Түүх сөхвөл, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1973 онд БНЭУ-д айлчлах үеэрээ, хоёр орны Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Харин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд Энэтхэгт айлчлахдаа, хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулж худалдаа, хоёр орны эдийн засаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр тохиролцсон байдаг аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд БНЭУ-д айлчлахдаа, хоёр орны харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэхийн сацуу мэдээллийн технологийн салбарт түлхүү хөгжүүлэх тухай ярилцаж байжээ.

    Монгол Улс, БНЭУ-тай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд буюу 2015 онд Ерөнхий сайд Н.Моди Монголд айлчилсан. Энэ үеэр хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд ахиулж, мал эмнэлэг, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй гэрээ хэлэлцээр байгуулсан. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор агаарын зам байгуулах асуудлаар санал солилцож байжээ. Түүнчлэн БНЭУ-аас Монгол Улсад газрын тосны үйлдвэр байгуулахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцож байв. 



Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэл бэхжиж буйг илэрхийлэх таван сайн мэдээ

    

Нэг. Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт нэмэгдэв

    Энэ удаа хоёр орны харилцаа эдийн засгийн агуулгаараа улам баяжсан, үр дүнтэй айлчлал болсныг албаныхан онцлон тэмдэглэж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж, албан ёсоор хийсэн хэлэлцээгээр хоёр улсын "Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай" хамтарсан мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр, Энэтхэгийн Засгийн газар "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" төсөлд нэмж 236 сая ам.долларын санхүүжилт олгохоо зарласан. Ингэснээр, Энэтхэг улсын Засгийн газраас тус төсөлд нийт нэг тэрбум 236 сая ам.долларын санхүүжилт олгож байна.



    Түүнчлэн тус үйлдвэрт нэн шаардлагатай инженер, техникийн ажилтнуудыг Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд сургахаар тогтов. Энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархалтай байгаагаа илэрхийлж, үйлдвэрийн бүтээн байгуулалтад монгол компани, бараа бүтээгдэхүүн оролцуулах зэргээр хамтран ажиллах нь хойшдын хөрөнгө оруулагч, бизнесийн харилцаанд эерэг нөлөөтэй болохыг цохон тэмдэглэсэн юм. Монголын газрын тосны орд зонхилон байрлах Дорнод аймгаас нефт дамжуулах хоолойгоор тээвэрлэхээс илүүтэй төмөр замаар зөөх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судалж, дэмжиж ажиллахаар санал нэгдээд байна.

"Монгол Улсад байгуулж буй жилд нэг сая шоо метр нефть боловсруулах үйлдвэр нь хоёр орны найрсаг харилцааны нэгэн илрэл юм. Энэ үйлдвэр 2020 онд ашиглалтад орсноор, Монгол Улсын нефтийн дотоодын хэрэглээний 70 гаруй хувийг хангах боломжтой" хэмээн БНЭУ-ын Байгалийн хий, нефтийн асуудал хариуцсан сайд Дармендра Прадан онцолсон.

Манай улс нефтийн арвин нөөцтэй ч боловсруулах үйлдвэргүй, шатахуунаа 100 хувь импортоор авдаг. Нефтийнхээ дотоодын хэрэгцээг хангадаг болсноор шатахууны үнэ багасах хийгээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж Монгол Улсын иргэдийн амьжиргаанд чухал ач холбогдолтой юм. Энэтхэгийн тал Монгол Улсын эдийн засагт онцгой үр өгөөжтэй энэ төслөө саадгүй үргэлжлүүлж, дуусгах нь чухал хэмээн үзэж, шаардлагатай хөрөнгийг нэмж олгоход татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна.



Хоёр. Цахим ба хил дээр олгох виз

    Энэтхэгийн тал богино хугацаагаар зорчигч монгол иргэдийг цахим визийн үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргаж, харин Монголын тал богино хугацаагаар зорчигч энэтхэг иргэдэд хил дээр виз олгож эхэлснийг мөн зарлав. Энэ нь хоёр орны аялал жуулчлалын салбарын хөгжилд түлхэц болох юм. БНЭУ-д амьдарч буй 900 гаруй монгол иргэний 600 орчим нь Буддын шашны сургуульд суралцдаг байна. Тиймээс айлчлалын хүрээнд, монгол иргэдийг БНЭУ-д сурч амьдрах нөхцөл боломжийг сайжруулах, харилцан визний журмыг хөнгөлөхөөр талууд мөн тохиролцлоо. 


Гурав. Соёлын хамтын ажиллагаа дахь санаачилга

    Оюутан, залуусын солилцоог хөхиүлэн дэмжих хүрээнд Энэтхэгийн тал Буддын шашны судлалаар Энэтхэгт суралцах хүсэлтэй монгол оюутнуудад Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-ийн 10 тэтгэлэг, Монголын тал монгол судлалд сонирхолтой энэтхэг оюутнуудад хоёр тэтгэлгийг тус тус олгохоо зарлав.

    Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших найрамдал, ах дүүсийн харилцааг нотолж, талууд 2020 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж, соёл, түүхэн өвийг онцолсон цуврал ажил өрнүүлэхээр тохиролцов.



Дөрөв. Өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлт

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мал аж ахуй, уул уурхай, мэдээллийн технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо байгааг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол Улсын Хөдөө аж ахуйн яам, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яамтай "Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай" хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр, малын гаралтай түүхий эдээ манай улс Энэтхэгт экспортлох, хариуд нь Энэтхэгээс чанартай, өртөг багатай, малын эм импортоор авах боломж нээгдэж байна. Энэ нь хоёр талын хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тустай юм.


    Хоёр талын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн чухлыг талууд онцлоод, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хоёр талын хэлэлцээрийг байгуулах, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлтийг аль болох шуурхай оруулах тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

   

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцохдоо, хоёр орны бизнес эрхлэгчид хамтран ажиллахад өргөн нөөц боломж байгааг тэмдэглэсэн юм. Бизнес уулзалтын үеэр, сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд дэвшил гарч байгааг талууд илэрхийлж байсан юм. Тухайлбал, 2017 онд хоёр орны худалдааны эргэлт 38 сая ам.доллар байсан бол, 2018 онд 52.7 сая болж, 40 хувиар нэмэгдсэн байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар, хоёр орны худалдааны эргэлт 60 сая гаруй ам.долларт хүрчээ. Гэвч энэ хагаст жилд манай улсын импорт 60.1 сая ам.доллар, экспорт 1.8 сая ам.долларын харьцангүй дүн мэдээ байна. Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр Энэтхэгийн бизнес эрхлэчид Монголоос ноос ноолуур, малын өлөн зэрэг малын гаралтай түүхий эд импортлож авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Тухайлбал, малын өлөнгөөр мэс заслын нарийн утас үйлдвэрлэж, өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох боломж байгааг тэмдэглэж байлаа. Хоёр орны бизнес эрхлэгчид хамтран ажиллаж, Монголын талын экспортыг нэмэгдүүлэх нь худалдааны тэнцлийг хангахад тустай юм. 



Тав. Шинэ салбар, шинэ боломжууд

    Энэтхэг улсаас Монгол Улсад голлон эм, уул уурхайн тоног төхөөрөмж, элсэн чихэр, цагаан будаа, нийлэг мяндсан болон хөвөн даавуу, автомашин зэргийг экспортолж байгаа бол Монгол Улсаас малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур импортолж байна. Монгол Улсын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар хоёр орны улс төр, соёлын салбарт тогтсон сайн харилцааг үргэлжлүүлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн салбарт өргөн боломж нээж байна. Учир нь энэ удаагийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад Монголын 30 гаруй томоохон аж ахуйн нэгж бизнесээ танилцуулж, зарим бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан юм.

    Тухайлбал, Монгол Улсын "Монгол эм импекс" концерн Энэтхэгийн "Зидус Кадила" компанитай хамтран дэлхийн стандартад нийцсэн эмийн үйлдвэр байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Энэтхэг улс нь мэдээллийн технологиос гадна эм үйлдвэрлэлийн салбарт "толгой цохиж" байгаа улс орны нэг. Монгол Улсын хувьд, дотоодын эмийнхээ 20 орчим хувийг л үйлдвэрлэдэг.

Тиймээс дотоодын эмийн үйлдвэрлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа энэ үед Энэтхэгийн эмийн үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь түүхэн үйл явдал болж байна.

    "Энэхүү санамж бичгийн хүрээнд, импортын эмийн хэрэглээг бууруулж, дотооддоо чанартай эм үйлдвэрлэн ханган нийлүүлэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна эм үйлдвэрлэх сайн технологийн оюуны хөрөнгө оруулалт Монголд нэвтэрч байгаа нь ихээхэн ач холбогдолтой" хэмээн "Монгол эм импекс" концерний Гадаад харилцаа, хангамжийн газрын захирал Б.Мөнх-Эрдэнэ тэмдэглэв.


Онцгой алхам: Шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа

    Монгол Улсын Төрийн тэргүүний 10 жилийн дараах айлчлалаар, мэдээлэл технологиос гадна, сансрын судалгаа, эрчим хүчний салбарт анх удаа хамтран ажиллахаар талууд ярилцсан нь бас нэгэн анхаарал татсан хэсэг болж байна. 

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн "цахиурын хөндий" гэх Карнатака мужийн Бангалор хотод орших Сансрын судалгааны төв, эрчим хүчний "Тата пауэр солар", аутсорсингийн "Инфосис" компани зэрэг шинжлэх ухааны гурван байгууллагаар зочилсон.



Сансар судлал

   Хоёр улсын Засгийн газар "Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах, чиглэлээр хамтран ажиллах тухай" хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь алсын зайнаас мэдрэх, хиймэл дагуулын харилцаа холбоо болоод сансрын технологийг цаг агаарын урьдчилсан мэдээ, гамшгийн менежмент болон бусад чиглэлээр ашиглах зэрэгт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурь болох юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Сансар судлалын байгууллагын дарга К.Сивантай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тэрбээр, манай улс сансрын салбарт шинэ тоглогч биш, олон жилийн түүхтэй гэдгийг хэлж АНУ-ын НАСА, ОХУ-ын Роскосмос зэрэг томоохон сансар судлалын төвүүдтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа тухай уулзалтын үеэр дурдаж байлаа.

    Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан юм. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2022 он гэхэд өөрсдийн бүтээсэн жолоодлогот  хөлгөө гурван нисэгчтэй хөөргөх томоохон амбицтай гэдгээ зарласан бөгөөд  Гаганьян жолоодлогот хөлгийг товлосон хугацаанд хөөргөхөөр эрчимтэй ажиллаж байгаа талаар тус байгууллагын дарга К.Сиван танилцуулж байв.

    Мөн Монгол Улсын "Марс Ви" төслийн баг Энэтхэгийн Сансар судлалын байгууллагад өөрийн төслөө танилцуулсан. Тус төслөөр, 2021 онд Ангараг гарагт аялал жуулчлалыг эхлүүлэхээр зорьж буй Энэтхэг улстай хамтран Монголын говьд бэлтгэлийн түшиц газар байгуулах зорилготой аж.

        БНЭУ-ын Сансар судлалын төв энэхүү төслийг дэмжиж, хэд хэдэн зүйлд хамтран ажиллахаар болсон. Тухайлбал, хүний нөөцийн хамтарсан бэлтгэл, лаборатори байгуулах, агаарын бөмбөлөг хөөргөх зэргийг тохирсон тухай "Марс Ви" төслийн удирдагч С.Эрдэнэболд сэтгүүлчдэд мэдээлж байв.



Сэргээгдэх эрчим хүч

    Хоёр улсын дээд түвшний уулзалтаас гарсан "Монгол-Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай" хамтарсан мэдэгдэлд Монголын тал Энэтхэгийн “Нарны дээвэр” төслийн хэрэгжилтийн туршлагаас судлах, Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг Энэтхэгт сургах сонирхлоо илэрхийлсэн. Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсын Гадаад харилцааны яамны барилгыг ногоон, нарны эрчим хүчний үр ашигтай хэрэглээ бүхий барилга болгон шинэчлэхэд дэмжин туслах шийдвэр гаргав. Мөн талууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэж буй сорилтуудыг харгалзан сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхээр тохиролцлоо.

    Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын сэргээгдэх эрчим хүчний "Тата пауэр Солар" компанийн нарны панелын үйлдвэртэй танилцаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Тодруулбал, тус компанийн нарны панелыг түшиглэн Монгол Улсад Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар ярилцсан юм. Монгол Улс нарны 1200 МВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ талаар тус компанийн төлөөлөл удахгүй Монголд айлчилж, хамтарсан судалгаа явуулахаар боллоо.

    "Тата пауэр солар" компани нь нарны эрчим хүч үйлдвэрлэл, байшингийн дээврийн чанартай нарны панел үйлдвэрлэл, угсралтаар улсдаа тэргүүлдэг байна. Улсынхаа 13 мужид 2.7 гигаватт  хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж, 100 гаруй байгууллагын эрчим хүчний хэрэгцээг хангадаг аж.



Аутсорсингийн төв

    Энэтхэг Улсын дэмжлэг туслалцаатайгаар, Монгол Улсад Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийг байгуулах ажлын явцыг дээд түвшний уулзалтаар хэлэлцсэн юм. Энэхүү төсөл Монгол Улсын хүний нөөцийн хөгжил, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг харгалзан хэрэгжилтийг нь эрчимжүүлэхээр талууд тохиролцов. Тодруулбал, 10 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНЭУ-д айлчлах үед анх Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсинг /программ хангамжийн эх код бэлтгэн нийлүүлэх/-ийн төв байгуулахаар ярилцаж байсан аж.  Яг 10 жилийн дараа энэ нь бодит ажил болж хэрэгжихээр 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулаад байна. "Бид 10 сая ам.доллароор Аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулна. Харин энэ сургуулийг менежментийн багаар удирдуулахад 10 сая ам.долларыг нь зориулна. Энэ баг Монгол Улсын 10 мянган залууг аутсорсингийн мэргэжлээр сургаж бэлтгэх бөгөөд сургуулийн барилгыг энэ жил эхлэхээр төлөвлөөд байна" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд онцолсон юм.

    Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 онд байгуулагдсан Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй зөвлөгөө, мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний, 228 мянга гаруй ажилтантай “Инфосис” компанид зочилсон. Ингэхдээ, монгол залуусыг аутсорсинг, мэдээлэл технологийн чиглэлээр сургаж, бэлтгэхэд тус компанитай хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм.

Холбоотой мэдээ