"Лалын улс" бүлэглэл Пальмира хот дахь археологийн олдворуудыг худалдан, 200 сая доллар олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-11 12:31:17

ДАМАСК. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Сирийн Пальмира хотын эртний дурсгалт зүйлсийг худалдаж, 200 орчим сая доллар олсон байна.

Тус бүлэглэл өнгөрсөн онд дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Пальмира хотыг эзлэн авч, тус хотыг сүйтгээд зогсохгүй хотоос олдсон эртний дурсгалт зүйлсийг худалджээ.

“Лалын улс” бүлэглэл эртний дурсгалт зүйлс худалдах замаар 200 сая доллар олсон гэж Оросын мөрдөн байцаагчид мэдэгдсэнийг “Fox News” телевизийн суваг иш татсан байна.

Археологийн хосгүй үнэт дурсгал болох 2000 жилийн настай туурь балгас Сирийн цөлд оршиж байсныг “Лалын улс”-ын босогчид ухаж тоножээ.

Орон нутгийн дайчид болон ОХУ-ын Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Сирийн Засгийн газрын цэргүүд 10 сарын турш террористуудын хяналтад байхдаа ихээхэн сүйрч эвдрэн нурсан Пальмира хотыг өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд босогчдоос бүрэн чөлөөлсөн билээ. Пальмира нь Сирийн нийслэл Дамаск хотыг тус улсын зүүн нутаг болон Ирактай залгаа хилтэй холбодог стратегийн чухал байрлалтай хот юм.

Мөн 2000 жилийн өмнөх үед хамаарах задгай театрт террористууд хүмүүсийг олны өмнө цаазалж байжээ. Үүнээс гадна “Лалын улс” бүлэглэл эртний эдлэл худалдаалах асуудал хариуцсан тусгай баг ажиллуулж байсан тухай НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдээлжээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ