ХООСНООС ДҮҮРЭН ХҮРТЭЛ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-10-02 16:53:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Цуврал 2.

ДҮҮРЭН


Уудам. Энэ үг Монголын их хээр талд л зохино. Хоёр жилийн өмнө нэг польш залуу надтай уулзах даа “Энэ сайхан газар нутгийг хараач
! Сайхан юм, даанч хоосон оргиод байна. Манайхан бол шуудхан байшин бариад дүүргэчих байсан” гэж билээ. Тийм ээ, элчилгүй уудам тал, өргөн их говийн дунд зогсоход хоосноос өөр юу ч үгүй, ялангуяа иргэншлийн энэ зуунд. Гэвч тэр хоосон зай юугаар дүүрэн байдаг вэ гэдгийг нүүдэлчид хамгийн сайн мэднэ. Анхандаа юу ч үгүй мэт мэдрэгдэх хоосон ахуй, цаг хугацаа ч урсдаггүй гэмээр санагдана. Гэвч тэнд амар амгалан амьдрал бий. Нэгээс нөгөөд шилжих нүүдэлчин түмний эрх чөлөөгөөр дүүрэн халуун дулаан сэтгэл ч буй.


Хоосон цэнхэр дэлхий юугаар дүүрэн байсныг бид мэднэ. Хараад ханашгүй ой модод, уул нурууд, ус мөрөн, далай тэнгис, ургамал амьтад гээд юу эсийг нэрлэж барахав. Гэвч эх орны минь нэгээхэн хэсэг Увсын цэнхэр уулс дунд нэгээс нөгөө оргил өөд холбогдсон шилэн гүүр байхгүй. Өндрөөс үсэрч эр зоригоо гайхуулах, айдсаа даван туулахыг мөрөөдөгсдөд зориулагдсан өндөр цамхаг, агаараар явагч үгүй. Тэнд хад асганы нурах чимээ нь нам гүмийг хааяахан эгшиглүүлэх янгирын сүрэг, өндрийн салхи залгилан жигүүрлэх бүргэд шувууны эрх чөлөө бий. Хүний хөл хүрээгүй мэт амгалан налайх эх байгалийн сүр жавхлан, онгон дагшин дүр төрхөө хадгалсан анир чимээгүй оршихуй дүнхийнэ.



Тэр хязгаарын газар бүхнийг сөөмлөн хурдалсаар Увс аймгийн Улаан даваан дээр үдшийн бүрий тасарч байхад гарч ирлээ. “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн багийн дараагийн буудаллах газар нь Улаангом хот юм. Алдарт Улаан даваанаас уруудахдаа машин тус бүр нэг километрийн зайтай бууцгаав. Борооны ус замын хажуугаар голдирол үүсгэн урссан нь булаг болон урсжээ. Ягаан өнгийн дээлтэй нэгэн эр үзмэн ягаан зүсмийн морио усалж зогсоно. Цаана нь адуун сүрэг ус уучихаад даваа уруудна. “Энэ сайхан агшин л гэрэл зургийн хальсанд буух хэрэгтэй юмсан” хэмээн халаглаж явтал цаашлаад хонь, үхрээ туусан хүүхэд хөгшид ч үзэгдэв. Гэр ачаалсан үхэр тэргийг нэгэн морьтой эр хөтлөн урагшилна. Хонины ард 4 настай болов уу гэмээр жаахан хүү үстэй лоовууз өмсчихсөн явна. Хүүгийн хоёр гар нь жолоогоо чангаас чанга атгачихсан бидэн рүү их л сониуч нүдээр ширтэх нь үзэгдээд өнгөрөв. Нүүдэл ажээ. Элчилгүй уудам нутгийн минь аль нэг хязгаарт ийнхүү нүүдлийн заншил одоо амьд хэвээр, орхигдож мартагдаагүйг харахаас өөр зол завшаан үгүй.


ГАНЦХАН



Улаангом дахь хилийн цэргийн 0245 дугаар ангид 8 дугаар сарын 27 –ны шөнө ирж буудалласны хойно 28-ны өдөр Увс аймгийн Давст сумыг зорин хөдлөв. Аймгийн төвөөс 137 км зайтай энэ газар хойгуураа ОХУ-ын Туватай Хандгайтын боомтоор хил залгаа оршдог. Одоогийн Давст сумын голлох хүн ам нь Дөрвөд ястан байдаг. Дөрвөн Ойрадын нэг Дөрвөд ястан бөгөөд Дува Сохорын дөрвөн хүү Добу мэргэнээс салж энэ үндэстэн бүрэлдсэн тухай “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдэн үлдсэн байдаг.


Хуучны цагаан барилгуудын өнгө нь гандсан ч хүн зоных нь инээмсэглэл, монгол хүний цайлган зан, ичимхий бүрэг байдал энэ сумын хүмүүсээс анзаарагдана. Тэд хотын соёлд тэмүүлж хязгаар нутгаа эзэнгүйдүүлсэнгүй. Сумын соёлын төвийн харуул Эрдэнэжаргал ахаас энэ тухай асуухад “Манайх хилийн сум. Хил гэдэг бол эх орон. Бид хилийн цаана биш эх орондоо байна. Унаж өссөн нутгаа орхих хүсэл надад лав алга, бусдыг нь мэдэхгүй юм даа” гэж хариулсан билээ.


Давст сум бол БНМАУ-ын баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын төрсөн нутаг. Музей нь яг л эх орны хүүгийнхээ үүх түүхээр бүтсэн шиг санагдана. Буцаж олдохгүй амьдралыг эх орондоо зориулсан хүнийг түүх мартдаггүй ч хамгийн сайхан нь ард түмэн цаг ямагт дурсдаг аж. Тиймдээ ч тэр хүн ард түмнийхээ дунд, анхлан унасан газар шороондоо амьд хэвээр оршино.


Бид Давст сумын төвөөс хөдөлж найман км орших Давс нуурыг зорьсон юм. Алсад цэнхэртэх уулсыг зорин тэмүүлсээр газар орны байдал нь говийн тогтоцтой ижил нэгэн газар ирлээ. Хатуурхаг элс бүхий өндөр толгодын дундах хэцүү бэрх замаар гарч ирэхэд нэгэн цөөрөм угтана. Цөөрмийн баруун талын тэгш газарт давс олборлогчдын гэр, машин техник байрлана. Энэхүү газар нь жамц давс ихтэй бөгөөд далайн уснаас 5 дахин шорвог гэнэ. Мөнхүү жамц давсны нөөцөөр дэлхийд хоёрдугаарт ордог Монгол орон дахь цорын ганц нуур юм. Эндхийн хуучин инженер өвгөний өгүүлснээр бол 290 метр гүн өрөмдөхөд давсны судал бий бөгөөд нийт ордны дал наян хувь нь Монголын нутаг дэвсгэр дээр бий гэнэ.


Нуурын энгэрт ирэхэд цаад талынх нь хүрэн улаан толгод уул мэт өндөр үзэгдэж нар жаргах агшинд нуурын толионд уулсын дүр тодхон тусна. Яг л дээд, доод ертөнцийн зааг дээр хөлөө тавьчихсан мэт. Говь нутаг яагаад ч юм бидэнд бурхны дагшин газар шиг санагддаг мэдрэмж эх орны баруун хязгаарын энэ нэгээхэн чөлөөнд ч сэтгэлийн дотор тэмтрэгдсээр байв.


ЦЭНХЭР



2019.08.28 ... Энэ өдөр бид Увс аймгийн зүүн хойд хэсэг, Их нууруудын хотгорын хойд захад орших Монгол орны хамгийн том нь болох Увс нуурын эрэгт буув. Хүмүүс “Увсын цэнхэр хязгаар” гэж ярьдаг нь үнэн аж. Уул нь, ус нь ч тэр холдох тусам, ойртох бүрийд ч цэнхэртэн үзэгдэнэ. Өтгөн суунаг манан татчихсан юм шиг дуниартсан цэнхэр агаар тэнгэр газрыг холбох дайдад Увс нуур ч мөн Тагнын гурван их нуруу, Ханхөхий, Хархираа, Түргэний уулсын дундах уужим цэлгэр дэвсгэр дээр номин цэнхэр өнгөөр мэлтэлзэн байна. Аяллын 7 дахь өдөр Увсын эрэгт хөл тавиад хэн хүнгүй дөнгөж саяхан гэрээсээ гарсан мэт сэтгэл өөдрөг, огтхон ч алжаагаагүй
юм шиг усанд хөлөө дүрэн сууцгааж, нууранд шумбан сэрүүцнэ. Басхүү төслийнхөө гол зорилго юу вэ гэдгийг хүн бүр мэдэж байсан учир уран бүтээлээ туурвих, зурагтын баг хамт олон уран бүтээлчдээс яриа авах гээд дор бүрнээ завгүй.


Анх аялалд гарах бэлтгэл хийж суухдаа ээжийн урлаж өгсөн хар торгон дээлийг би олон монгол хувцас дундаасаа сонгосон юм. Яг л энэ зах хязгаар нь үл харагдах тэнгэр газрын холбоос дунд гэнэт дээлээ гаргаж өмсмөөр болов. Шувууд л цэнхэр өнгөнд цагаан толбо нэмэхээс бус Увс нуур өөд харахад мяралзах долгионы хөдөлгөөнөөс өөр амьтай зүйл үгүй санагдана. Тэр их цэнхэрт цахлай шувуунаас өөр дахиад ганц өнгө нэмчихвэл ч... Ийнхүү бодолдоо лавтай үнэмшин дээлээ гаргаж өмсөхөөр болтол бүсээ мартчихсан байв. Уран барималч Батсүрэн ахын бүсийг нь манай төслийн удирдагч авчихаж. Тэрээр бичлэгийн ажилтай тул арга байсангүй. “Эр хүн дээлээ нөмгөн өмсдөггүй” гэдэг. Учрыг нь хэн бүхэн мэднэ. Гэвч энэ удаад өөр аргагүй тул яаж ийгээд л зургаа авахуулсан юм. Цахлай шувууд нисэлдсэн нуурын эргийн наахна цааш харан алхаж явахдаа суурин газрын чимээ шуугианд үл дассан Увс нутгийн иргэдийн мэдэрдэг анир чимээгүйн жаргалыг хангалттай амссан билээ.



Эндхийн хамгийн бишрэм үзэсгэлэн нар жаргахын алдад тодордог. Орчныг харанхуйд залгиулахаас өмнө наран уулсын цаагуур шургахдаа түмэн өнгийн гэрэл цацраана. Харин нуурын ус өнөөх амар амгаландаа улам бүр гүн шунгана. Зарим хэсгээр нуурын захаас шурган орсон хошуун дээр зогсоход яг л усан дотор амьсгалж буй шиг мэдрэгдэнэ. Эрэг дээр зогссон хүний дүрс түмэн янзын өнгөөр ахуйг чимсэн нарны сүүлчийн туяатай хамт нуурын усанд тусах нь Хойд туйлийн гэрлээс ч илүү үзэсгэлэн төгөлдрөөр дотор амилна.


Хэнтий Ханы уудам их тал нутгийн чинадад өсөж бойжсон хүү надад хөдөө нутаг ямагт л үлгэр домогт өгүүлэгдсэн тэр л шидийн мэт газраар сэтгэгддэг. Харин өнөөдөр харсан мэдэрсний минь дэргэд урьдын бодлууд юу ч биш санагдана.


НҮҮДЭЛ



Мэдээж нүүдэл бол зөвхөн монголчууд бус хүн төрөлхтний ч түүхтэй холбоотой шилжилт хөдөлгөөн. Үржил шимт газар хайсаар нүүдлийн уламжлалаас суурьшмал ахуйд төвхнөх, нэг хувьсгалаас нөгөөд шилжих зэрэг олон нүүдэл үргэлжилсэн. Бүр шууд утгаар нь авч үзсэн ч гэсэн 19 мянган жилийн тэртээгээс л Мөстлөгийн эринд хүн төрөлхтөн Азиас Америк тийш замнасан их нүүдлийн түүх бий. Мөн Баруун Монголоос Ижил мөрөн, Каспийн тэнгис хүрсэн Торгууд, Халимагуудын зүдэрч барсан нүүдэл, Орхоны хөндийгөөс Анатолийн хойг хүрсэн Туркуудын нүүдлээс гадна Египетээс гарсан Еврей нарын ундуй, сундуй нүүдэл одоо ч үргэлжилсээр байгаа.


Улаангомоос гарч Дөрөө нуурын заставыг зорих замд бидний аялагчид нүүдэл хийж буй малчидтай хоёр дахь удаагаа учирлаа. Гэрэл зурагчид жолооч нарт машинаа яаралтай зогсоох тушаалыг буулгаж, дурангаа үүрэн тэмээн жингийн цувааг угтан гүйв. Тэд амжиж сайхан зураг буулгахыг хичээж байх зуур нэгэн ахимаг насны эгч тос нь гэрэлтсэн хурууд барьсаар гэрэл зурагчдыг маань инээмсэглэн угтаж харагдана. Түүнд зургийг нь авч буй нь огт хамаагүй бөгөөд өөрсдөө нүүдэллэж яваа хэдий ч замд таарсан холын аялагчдад нутгийн идээгээ амсуулахад хэзээд бэлэн авч явдаг байна.



Чимэг хэмээх охинтой танилцаж, дүүгийнх нь морийг гуйж унаад нүүдэл даган хэсэг алхууллаа. Чимэг энэ онд арван жилээ төгсөх бөгөөд ЭЕШ-д хэрхэн бэлдэх, мэргэжлээ хүртэл сонгочихсон гэнэ. Харин тэр хотын хөгжил, хүмүүсийн харилцаа, машины түгжрэл, утаа униарыг хангалттай сонссон, зурагтын мэдээгээр үргэлж хардаг учир иргэншлийн цуваанд хурдан хөл нийлүүлж алхахыг тэгтлээ их хүсэхгүй, яарахгүй байгаа гэнэ. Хүүхэд бүр л хотын  гоё сайхныг биширч, үлгэрийн мэт шидэт байшингууд үзэхийг мөрөөддөг байлаа. Одоо бол тийм биш. Учир нь хаана хамгийн их асуудалтай нүүр туулж болохыг Чимэг охиноос авахуулаад мэддэг болжээ. Мэдээж асуудал тэдэнд хүнд хүчир, давж гарахгүй бэрх шалгуур шиг санагддаггүй гэнэ. Гол учир юу вэ гэвэл, өөрсдийнх нь орон зайд байх ёстой асуудал нь хотын соёл, хүмүүсийн бөөгнөрөл биш гэдгийг Чимэг охин хэлж байв. “Тэртээ тэргүй суурин иргэншилд дасахаас хойш, энэ сайхан нутаг, ээж ааваасаа холдмооргүй байдаг. Намайг хотод оччихвол аав, ээж минь хоёр жилд бараг ганц л эргэж очих биз” хэмээснээ “Таныг машины чинь хүмүүс даллаад байна” гэж билээ. Би ч түүнд “Баярлалаа, баяртай” гэж хэлчихээд мориноос буун машин өөдөө гүйв.


Хэзээ ч би хөдөөний хүүхдүүдээс ийм үгс сонсож байсангүй. Тэд ихэвчлэн хот орохыг мөрөөдсөн, мөрөөдөл болсон хот нь тийм ч гоё ганган, сайн сайхнаар дүүрэн, гял цал өрөөнд зурагт үзээд амар тайван хэвтэж болдоггүй гэдгийг мэдээгүй хүмүүс байдаг. Харин Чимэг энэ бүхнийг хэдийн үзэж туулаагүй ч гэсэн зүрх сэтгэлд нь иргэншлийн толбо суучихсан шиг мэдрэгдэнэ. Хөгжил уг нь мөрөөдөл биш гэдгийг суурьшмал ахуйд бөөгнөрөх тусам хүн төрөлхтөн ухаарсаар байна. Харин цэлгэр уудам тал нутгийнхаа хил орчмоор тэмээн жин хөтөлж, нүүдэл даган өссөн Чимэг охины ухаарал хамгийн зөв санагдана. Учир нь тэр хот руу чиглэсэн их нүүдлийн цуваанд бусдын адил нэгэнт нэгдчихвэл эргээд харих зам нь холын хол байх болно.


ЗӨӨЛӨН



Бид цаашлан Увс нуураас үргэлжилсэн алтан элсний зах руу орж ирэв. Зам даган үргэлжлэх тэр их элсний хагасыг нь туулан бид замаа хөөнө. Гэвч цаг хараахан болоогүй. Бид шөнөдөө Дөрөө нуурын застав дээр ирж хоноглосон бөгөөд өглөөтэй уралдан босож Алтан элсний байгалийн сайхан, Дөрөө нуурын эрэгт зураг авалтаа үргэлжлүүлж, уран бүтээлээ туурвихаар хөдөлцгөөв.


Дөрөө нуурын эргээр зэгс, нарийн ширхэгтэй өндөр өвс ихээр ургасан байх бөгөөд шавар намаг элбэг тул байрлах газар хайж нэлээд хэдэн километр хороов. Эцэст нь нуурын зах руу элсэн нуруудын дундуур цутган орсон булаг шанд, модод илхэн харагддаг, нөгөө талаас Дөрөө нуур ч бүхэлдээ үзэгдэхүйц толгодын орой дээр гарч зогслоо. Дөрөө нуур нь мөн Бөөрөг дэлийн Алтан элсний зүүн жигүүрт байрлана. Нуурын хойд захаар нь монгол гэр цавцайн үзэгдэх нь Тува айлуудынх ажээ. Олон зуун жилийн өмнөх хагарал бутралын их үймээн, салан тусгаарлах нүүдлийн цуваанд ч эх орноосоо холдолгүй ойр үлдсэн шиг дотно мэдрэгдэнэ. Дөрөө нуурын 80 хувь нь Оросын нутагт байрлах бөгөөд ердөө  20 орчим нь Монголын нутаг дэвсгэрт бий. Гэвч элсэн манхдаас цутгах булаг шандны урсгал, говийн их Баянбүрдэд ургах олон төрлийн жимс ногоо манайд бий шүү хэмээн хилчид бахархан ярина.



Мөн энэ өдөр бид Увс аймгийн Баруунтуруун сумыг зорих замд Нарийны голын рашаанаар ундаалж, их элсэн манхадын дундуур урагшилсан билээ. Нарийны голын энэхүү ай сав нь төрийн тусгай хамгаалалтад байдаг бөгөөд нутгийн иргэд, соргог хилчдээр зам заалгахгүй бол олж очиход туйлын бэрхтэй газар. Наранд дуниартсан говийн манхан дундуур сүлжин явсаар нэгэн их харгана бут олноор бөөгнөрсөн газрын дээр зогсов. Машинаас буун доош харахул зүсэн зүйлийн өвс ногоо, модод ургасан цэлгэр уужим голын хөндий тодорно. Доош буугаад очиход яг л сэнс тавьчихсан мэт сэрүүн агаар үлээж аагим халууныг мартагнуулах бөгөөд голын ус нь шүд ташим хүйтэн. “Урсгалын зөөлөн, усны тунгалаг гэж үүнийг л хэлмээр юм даа” хэмээх дэргэд цуг зогсож байсан яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ ах хэлэв. Тийм ээ, зөөлөн... Тэр зөөлөн урсгалаас бүүвэйн дуу шиг эгшиг сонстоно.


Бүрий нөмөрчээ. Дахин дээш өгсөж гараад машиндаа сууцгаав. Замын туршид үргэлжлэх Алтан элсний уртыг, Нарийны голын дагшин дүрийг ам уралдуулан ярьсаар явна. Нэг л машин элсэнд сууж гэмээнэ бүх эрчүүд нь хүч хавсран түрж, эмэгтэйчүүд нь уухайлан дэмжээд гаргачихна. Голоос авсан усаа ууж дууссан ч, хэцүү бэрх замын уртад хөл гар чилж, ам ангасан ч гэлээ хэн нэгэн хүн бэрхшээл тоочсонгүй. Учир нь эх орныхоо цэлгэр уудамд хараа бэлчээнэ гэдэг, тэнгэр газар холбогдсон тэр их  хоосон орон зай юугаар дүүрэн байдаг вэ гэдгийг таних нь хамгийн чухал буюу бидний зорилго зөвхөн энэ л байсан шиг сэтгэгдэнэ.


Чимэг охины хэлсэн үгс шиг дассан газраас холдох зам урт санагддаг ч гэлээ эргэж харих харгуй нь өнөөдрийн нийгэмд бүр ч хол байж мэднэ. Хилийн орчимд нутагласан айл өрхийн эзэд иймэрхүү утгатай үгсийг цаг тутамд өгүүлж байв. Үлдсэн насаа элээх боломжгүй болсон ч өнө мөнхөд төрсөн нутаг ус, гэр орон нь хүүгээ даллан дуудсаар байдаг. Холын хол руу алсран одсон ч хойно үлдсэн гэртээ эргэж очно гэх итгэл зүрх сэтгэл дүүргэн оршдог нь сайхан.

Үргэлжлэл бий...


Гэрэл зургийг | Н.Сүхбат
Н.Батсүх

Холбоотой мэдээ