“Galaxy Fold”-ыг АНУ-д худалдаалж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNN/. “Samsung” компанийн “Galaxy Fold” эвхэгддэг ухаалаг гар утсыг энэ долоо хоногийн сүүлээс АНУ-ын зах зээлд худалдаалж эхлэх төлөвтэй байна.
“Galaxy
Fold” баасан гарагаас эхлэн “Best
Buy”, “AT&T”, “Samsung” компанийн сонгогдсон дэлгүүрүүдэд худалдаалагдаж
эхлэх бөгөөд хар, мөнгөлөг гэсэн хоёр өнгөний сонголттой байх ажээ.
“Samsung” 2000 орчим ам.долларын үнэтэй эвхэгддэг
төхөөрөмжөө АНУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос худалдаалж эхлэхээр
төлөвлөж байсан боловч эвдрэл үүссэнтэй холбоотойгоор хойшлуулсан юм.
Тухайн үед АНУ-ын шүүмжлэгчдэд шалгуулахаар өгсөн “Galaxy Fold” гар утас эвдэрсэн бөгөөд учир шалтгааныг тогтооход зарим хүн төхөөрөмжийн дэлгэцийн хамгийн дээд давхаргыг салгасантай холбоотой байжээ. "Samsung"-ийн мэргэжилтнүүд “Galaxy Fold” гар утасны бусад доголдлыг засварлаж, илүү бат бөх болгосон байна.
Зургаан камераар
тоноглосон “Galaxy Fold” гар
утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай юм. Түүнчлэн дэлгэсэн
үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17
миллиметр зузаан болох ажээ.
“Android 9” үйлдлийн системтэй “Galaxy Fold” гар утсанд тохиромжтой хавсралтуудыг хөгжүүлэхийн тулд “Google”, “Android”-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан гэж “Samsung” компаниас мэдээлсэн байна.