Мянган ахмадын чуулга уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан мянган ахмадын чуулга уулзалтыг Тарагт сумын нутагт байрлах "Өгөөмөр" сувилалд зохион байгууллаа.
Өвөрхангай аймагт 11 мянга гаруй ахмад настан амьдардгаас 1000 ахмад төлөөлөл болон ирж, чуулга уулзалтад оролцсон юм. Чуулганаар ахмад настнууд руу чиглэсэн төр засаг, аймаг, орон нутгийн бодлого, үйл ажиллагаа түүний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, тэдний санал бодлыг сонссон бөгөөд нийт Өвөрхангайчууддаа хандаж уриалга гаргалаа. Үүнд ахмад настны нийгмийн хамгаалалд онцгой анхаарах, ахмадын туулсан амьдрал, хөдөлмөрлөсөн арвин баялаг туршлагыг залуу хойч үед түгээн дэлгэрүүлэх, тэдний мэдлэг чадавхийг залуучуудад өвлүүлэн үлдээх уриалгыг тусгасан байна. Чуулга уулзалтын үеэр ахмадууд өөрсдийн хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, урлаг, спортын тэмцээн уралдаанд хүч сорьж, амьдралын арвин туршлагаасаа бусадтай хуваалцлаа.
Тус чуулга уулзалтыг Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран зохион байгуулжээ.