Ерөнхийлөгч Х.Баттулгад Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-23 02:14:40
Бангалор /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын ажилтай танилцаж, албаны хүмүүстэй уулзахаар Бенгалуру хотод хүрэлцэн ирлээ.


Төрийн тэргүүнд Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхаж, БНЭУ-д айлчилж хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.


Ноён Важубхай Рубадхай Монгол Улсаас олон лам Карнатака мужийн Гомон шашны сургуульд  шавилан суралцдаг талаар дурдаад, бусад салбарт ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр Монгол Улсаас оюутнууд тус хотод суралцах боломж, нөхцлийн талаар санал солилцлоо. Учир нь, Бенгалуру хот нь Энэтхэгийн төдийгүй АНУ-ын цахиурын хөндийтэй дүйх хэмжээний нөөц, технологийн чадалтай  тул сургалт нь тэр хэрээр хөгжсөн талаар мужийн Захирагч дурдлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын харилцааны асуудлыг хөндөн ярьсанд талархал илэрхийлээд, айлчлалын үеэр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах асуудлаар яриа, хэлэлцээрт хүрсэн тул энэ чиглэлд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийллээ.


Уулзалтын үеэр талууд Карнатака муж, Бенгалуру хоттой хамтран ажиллах бусад боломж, салбарын талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцлаа.

Холбоотой мэдээ