“Шилмэл мал” шалгаруулах үзэсгэлэнд Дундговь аймаг тэргүүн байрт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 11-13-нд Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулсан "Шилмэл мал-2019" гойд ашиг шимт малын үзэсгэлэн, худалдаанд Дундговь аймаг оролцож, багийн дүн, зохион байгуулалт, идэвх оролцоогоороо 21 аймгаас “Тэргүүн байр”-т шалгарчээ.
Тус үйл ажиллагааны үеэр ашиг шим
үзүүлэлтээр нь таван төрлийн мал, сайхан айраг, цагаан идээ шалгаруулах, дэмбээ зэрэг уралдаан, тэмцээн болж, тус аймаг таван хошуу малаас дөрвөн төрөлд
амжилт гаргаж, цагаан идээ, сайхан айраг шалгаруулах болон дэмбээний тэмцээнд
түрүүлж, бүхий л уралдаан тэмцээний нийлбэр дүн, идэвх оролцоогоороо ийнхүү
бусад аймгаа хошуучилж Батламж
гардан авсан аж.
“Шилмэл тэмээ” шалгаруулах тэмцээнд Хулд
сумын малчин С.Баянжаргалын буур нэгдүгээр байр, Б.Батжаргалын ингэ хоёрдугаар
байр, “Шилмэл адуу” шалгаруулах тэмцээнд Өндөршил сумын “Шил адуу” нэг,
хоёрдугаар байр тус тус эзэлжээ.
Харин “Шилдэг хонь”-шалгаруулахад Сайнцагаан
сумын Далай багийн “Сайнцагаан хонь” тусгай байр, ГовьУгтаал сумын Б.Жаргалсайханы
эм ямаа нэг, хоёрдугаар байр тус тус эзэлсэн байна.
Мөн хамгийн "Сайхан айраг"-аар Дэрэн сумын малчин О.Галбадрахын бэлтгэсэн айраг шалгарч, “Сайхан цагаан идээ”-ээр тус сумын малчин, Улсын аварга саальчин Ч.Наранцэцэгийн цагаан идээ “Тэргүүн байр”т шалгарчээ. Харин "Дэмбээ"-ний тэмцээнд Хулд сумын Олдох багийн малчин Б.Батжаргал түрүүлсэн амжилт гаргасан байна.
Дээрх үзэсгэлэн худалдаанд эдгээр үүлдэр, омог амжилттай оролцож, "Шилдэг мал"-аар шалгарсан явдал нь бусад малаас ялгагдах онцлогтойг харуулсан бас нэгэн баталгаа болж байна.