Египет Өмнөд Судан руу тусламж илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-16 14:47:21
Yesukheitumur Tumurbaatar

КАИР. /CGTN/. Өнгөрсөн онд байгуулсан энхийн хэлэлцээрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд бид Өмнөд Судан руу тусламж илгээлээ гэж Египетийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.


"Цэргийн хуаран байгуулж, улсын институцийн хүрээнд ажиллах хүчнийг сэргээхэд нь Өмнөд Суданы зэвсэгт хүчнийхэнд туслах зорилгоор энэхүү тусламжийг илгээж байна. Эм тариа, майхан, цэргийн дүрэмт хувцас зэргээс бүрдсэн гурван хэсэг тусламжийг энэ сарын 11, 12, 13-нд тус тус илгээсэн бол дахин хоёр хэсэг тусламжийг ирэх өдрүүдэд илгээнэ" гэж мэдэгдэлд дурдав.


Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальваторе Киир болон сөрөг хүчний удирдагч Риек Мачар нар даваа гарагт уулзаж, улс орны аюулгүй байдлыг хангах зорилгоор 83 мянган цэргээс бүрдэх нэгдсэн хүчин байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.


2018 оны 9 дүгээр сард байгуулсан энхийн хэлэлцээрийн дагуу сөрөг хүчний удирдагч Р.Мачар болон бусад дөрвөн хүн С.Киирийн орлогчоор томилогдох болсон юм.

Холбоотой мэдээ