Хан-Уул дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчилнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-09-12 15:26:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.


Энэхүү хөтөлбөр хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилготой аж. 10 жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлэх уг хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын энгийн болон хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.4 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм.


Энэ хөрөнгөөр Хан-Уул дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэх, хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, Улаанбаатар хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвийг жишиг төв болгох, таван сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгон шинэчлэх юм. Түүнчлэн Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх бэлтгэлийг хангах аж. Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Дараа нь “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын зээлийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Зээлийн гэрээнүүдийн төслийг зөвшилцөв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттай хэрэгжүүлэх санхүүжилт авахаар харилцан тохирчээ. Хөтөлбөрийн хоёр дахь шатанд 100 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авч буй бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх хугацаа таван жил, эргэн төлөх хугацаа 30 жил байх юм байна. Уг төслийг мөн л гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ