Улаан-Үд хотын 353 жилийн ойн баярт оролцов

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-09-12 10:44:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн бямба гарагт Улаан-Үд хотын 353 жилийн ойн өдөр тохиов. Тус ойн баярт аймгийн Засаг дарга тэргүүтэй албаны төлөөлөл уригдан оролцлоо. Ах дүү найрамдалт хотуудын тухайд ойн баяруудад хүндэтгэл үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэгт анхаарч ирсэн. 353 жилийн ойг Улаан-Үд хот даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэж, нийт 50 гаруй томоохон үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Улаан-Үд хотын дарга хүндэт зочдоо хотын захиргааны байрандаа угтан авч, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэ үеэр ах дүүгийн найрамдалт харилцаатай хотууд дурсгалын бэлэг гардуулж, цаашид, харилцан ашигтай, хотуудын хөгжлийг шинэ шатанд гаргах талаар санал солилцов.

Аймгийн Засаг дарга С.Насанбат хэлсэн үгэндээ: - Манай хот нь ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хоттой тэртээ 1967 онд ах дүүгийн харилцааг тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Дархан хотын гадаад харилцааны түүхнээ “анхны” хэмээн тодоор бичигдсэн энэ харилцааг Дарханчууд бид үеэс үед эрхэмлэн бахархаж ирсэн гэдгээ онцлон тэмдэглэв.

Тэрээр цааш нь өнгөрсөн 52 жилийн хугацаанд хоёр хотын харилцаа үлгэр жишээ болохуйц хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Дархан, Улаан-Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж, хүүхэд залуучуудыг солилцож ирсэн нь иргэдийн нөхөрлөлийг зузаатгасан, итгэлцлийг нэмэгдүүлсэн, харилцан суралцсан. Цаашид хотуудын хооронд байгуулсан санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг туйлын ихээр эрмэлзэж байна гэв.

Улаан-Үд хотын 353 жилийн ойн баярт манай аймгаас гадна тус хоттой найрамдал хамтын ажиллагаатай ажилладаг Манжуур, Хөлөнбуйр, Чита зэрэг хотын төлөөлөгчид уригдан оролцсон аж.

"Гэгээлэг өнгөөр хотоо цэцэглүүлье!" уриан дор зохион байгуулсан хотын ойн баярын үйл ажиллагаанд хүүхдийн урлагийн сургууль, боловсролын байгууллагууд, спортын сургуулиудын мянга гаруй уран бүтээлч, хамтлагууд оролцжээ.

Улаан-Үд хотын түүхийн музейд "Улаан-Үд дэх Африк" үзэсгэлэнг гаргаж, Африкийн уламжлалт урлагийн бүтээлүүд, уран баримлууд маск, зан үйлийн эд зүйлсийг дэлгэн үзүүлжээ.

Холбоотой мэдээ