Абэ Шинзо Засгийн газартаа халаа сэлгээ хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-11 15:02:28

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 13 сайдыг шинээр томилж, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ албан ёсоор танилцууллаа.


Өнгөрсөн долдугаар сард явуулсан Дээд танхимын сонгуулиас хойш хийсэн анхны халаа сэлгээ энэ болж байна. Уг сонгуулиар эрх баригч Либерал-ардчилсан нам зарим суудлаа алдсан хэдий ч олонхын суудлыг авж чадсан юм.


Номхон далай дамнасан түншлэл болон Япон-АНУ-ын худалдааны хэлэлцээний гол төлөөлөгч Тошимицү Мотэгиг Гадаад хэргийн шинэ сайдаар томилсон байна. Тэрбээр Таро Коногийн халааг авж байгаа бол Т.Коно Батлан хамгаалахын сайдын албыг хашихаар болжээ.


Абэ Шинзо танхимын чухал хоёр албан тушаалыг өөрчлөөгүй бөгөөд Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Таро Асо, Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сүга нар албан тушаалаа үргэлжлүүлэн хаших ажээ. Тэд Абэ Шинзог 2012 онд засгийн эрхэнд эргэн гарснаас хойш албан тушаалуудаа хашиж байна.


Засгийн газрын шинэ гишүүн болох Шинжиро Коизимиг Байгаль орчны сайдаар томилжээ. Тэрбээр Либерал-ардчилсан намын өсөж яваа залуучуудын нэг бөгөөд Ерөнхий сайд асан Жүничиро Коизимигийн хүү юм.


Абэ Шинзо лхагва гарагийн орой хэвлэлийн бага хурал зохион байгуулж, томилгооныхоо талаар дэлгэрэнгүй танилцуулна. 

Холбоотой мэдээ