Гадаад ажилчдын урлаг соёлын наадмаар эх орноо сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-09 14:03:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Аж үйлдвэрийн Хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны 15 жилийн ойн хүрээнд Гадаад ажилчдын Ханмадан урлаг соёлын наадмыг энэ сарын  8-нд зохион байгууллаа.

Энэхүү наадамд Монгол Улсын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэтуяа, тус улс дахь Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, ажилтан албан хаагчид, гэрээт ажилчдын төлөөлөл оролцов. Энэ үеэр Монгол Улсын павильон гаргаж үндэснийхээ үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг дээжлэн улс орноо сурталчилсан юм.

Мөн үеэр Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах хөдөлмөрийн гэрээгээр олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, монгол залууст үлгэр дуурайл болон ажиллаж буй иргэн Т.Гантөмөрт "Хүндэт өргөмжлөл" гардуулав.


Тэрбээр 2007 онд Хөдөлмөрийн гэрээгээр, тус улсын Тэгү хотын будгийн үйлдвэрт одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм. Анх 3 жилийн гэрээтэй ирсэн ч үйлдвэрийн эзэд нь түүнд дахин ажиллах санал тавьснаар, ийнхүү 12 жил болжээ. Тэрбээр, “Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлсэн гэж бодож байна. Энд ажилласнаар амьдрал ахуйд минь үнэхээр өөрчлөлт гарсан. Хүүхэд маань Сөүлийн Их сургуульд сурч байна. БНСУ-ын одоогийн ерөнхийлөгч анх гарч ирээд бүх үйлдвэрийн ажилчдын цалин хөлсийг нэмсэн. Үйлдвэрийн эзэд илүү цагаар ажилуулах нь багассан. Хийх ёстой ажлаа цагт нь хийгээд явахад 2 сая воны цалин авдаг. Цаг сунгаж ажиллах тохиолдолд нэмж цалин олгодог. Сөүл дэх Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр байнга үйлчлүүлдэг. Сар бүр 40 мянган воны нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Эх орондоо очиход энд ажилласан жил бүр тэтгэвэр тогтоолгоход хүчин төгөлдөр тооцогдохоос гадна БНСУ-д зээлд хамрагдах, эрүүл мэндийн оношилгоо үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд даатгалаас тэтгэмж авах зэрэг олон боломжтой байдаг. Солонгост ирэхээсээ өмнө хэлний бэлтгэлээ хангаж, ирсэн газраа тогтвор суурьшилтай, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж явахыг залууст захиж хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Дашрамд дурдахад, 2004 оноос хойш Монгол Улсын 28700 гаруй иргэн тус улсад гэрээгээр хөдөлмөр эрхэлсэн бөгөөд одоогоор 6100 иргэн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байна. 2019 оны 9 дүгээр сарын 16-наас эхлэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүлд ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд албан ёсны гэр бүлийн хүнд (эхнэр/нөхөр) 90 хүртэлх хоногийн аялал жуулчлалын виз олгох болсон тухай Солонгосын талаас мэдээлж буй. БНСУ-д одоогоор 16 улсын ажиллах хүчин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.


Холбоотой мэдээ