Шилмэл омгийн малын үзмэрийг баяжуулж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-08 11:08:07

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Музей буурал үүлдрийн ямаа, сартуул үүлдрийн хонины цогц чихмэлийг төл малаар баяжуулан дэглэж байна.

Өнгөрсөн жил буюу 45 жилийн дараа буурал үүлдрийн ямаа, сартуул үүлдрийн хонины чихмэлийг шинэчлэн дэглэсэн бөгөөд энэ жил төл мал, Тэсийн голын унага бүхий чихмэлийг бэлтгэж байгаа аж. Үзмэрт бэлтгэж буй төл малыг Дөрвөлжин, Алдархаан, Эрдэнэхайрхан сумаас авч байгаа аж. Цогц үзмэрийг аймгийн Музей, Хөдөө аж ахуйн газраас Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгээр хамтран шинэчлэн дэглэж байна. Үзмэрт тавих сартуул омгийн хонь, буурал омгийн ямааг Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумаас авч үзмэрт бэлтгэжээ. Үзмэрийг Монгол Улсын гавьяат малын эмч Х.Лхаасүрэнгийн зөвлөгөөн дор дэглэж байна. Малын шилдэг үүлдэр, омог болсон эдгээр бүтээлүүдийг дэглэснээр хүүхэд багачууд, иргэдэд Завханы мал аж ахуйн брэнд болсон малын үүлдэр угсааг таниулах, цогц мэдлэг мэдээлэл өгөх боломжтой болжээ. Түүнчлэн эрдэм шинжилгээ судалгааны томоохон ажил болжээ.

Сонирхуулахад, Буурал омгийн ямаа нь ноолуурын гарц өндөр, микроб нягтрал сайтай, сүү сайтай ажээ. Завхан аймаг энэ ямааны үүлдэр омгийн малын удмын санг хамгаалахын тулд цөм сүрэг хэлбэрээр үржүүлж байна. Өнөөдрийн байдлаар Завханы Дөрвөлжин, Алдархаан, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Цэцэн-Уул  суманд ийм үүлдрийн 410.000 ямааг ноолуур, махны чиглэлээр үржүүлж байгаа аж. Түүний дотор цөм сүргийн ямаа нь 173.000, цөмийн цөм болсон 84.000 ямаа Дөрвөлжин суманд байгаагаас 50.000 орчим нь үржлийнх юм байна. Харин сартуул үүлдрийн хонь нь мах сүүний гарц ихтэй юм байна.

Холбоотой мэдээ