Засаг дарга сагсан бөмбөгчидтэй уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сагсан бөмбөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрөгч хоёрдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 14-ний хооронд үргэлжилсэн “Дорнод лиг 2016” тэмцээнийг тэргүүлэгч “Элтрүүд”, “Нэкст” “Spavks” багийн тамирчидтай халуун дотно яриа хөөрөө өрнүүлж, санал болдоо чөлөөтэй солилцов.
Сагсан бөмбөгийн хөгжил ТББ-аас санаачлан “Дорнод лиг 2016” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан нь уг спортын хөгжилд ихээхэн ололт дагуулсан тэмцээн болж чаджээ. Тэмцээний үеэр шилдэг тамирчин, үнэ цэнэтэй тоглогч зэрэг номинациар тамирчдыг шалгаруулсан нь урам хайрласан үйл явдал болов. Томоохон компани, сургууль тэр ч бүү хэл хувь хүмүүс нийлж баг бүрдүүлэн оролцсон нь сагсан бөмбөгийн спортыг цаашид хөгжүүлэхэд ач холбогдол өгсөн алхам болсонд спорт сонирхогчид ам сайтай байлаа. Энэ тэмцээний дараа хэд хэдэн компани баг тамирчидтай гэрээ байгуулж, тэднийг цалинжуулахаар болсон байна. Энэ нь Дорнод аймагт баг тамирчдыг цалинжуулж байгаа анхны тохиолдол гэж хэлж болно. Тэмцээнийг зохион байгуулагчид заал танхимын хүрэлцээ муу, өөрсдийн гэсэн шүүгчтэй болох гэсэн хүсэлтийг аймгийн удирдлагад уламжлав.
2016 оныг Дорнод аймаг “Багийн спортыг дэмжих жил” болгон зарлаж, шинэ спортын ордонтой болохоор аймгийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгажээ.
Б.Туяа