Өнгөрөгч 7, 8 дугаар сард 19 удаагийн аюулт үзэгдэл, осол болжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-05 15:32:33

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрөгч 7, 8 дугаар сард 19 удаагийн аюулт үзэгдэл осол, тохиолдсон ба үүнээс объектын гал түймэр 10, гол нуурын усанд осолдсон дуудлага 3, эрэн хайх аврах ажиллагааны дуудлага 2, үерийн аюул 2, аянга 2 удаа буужээ. 

Тухайлбал, Өгийнуур сумын Өгий багийн “Урд мэргэн шанаа” гэдэг газар 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 50 минутад иргэн Н.Баянмөнхийн 4х5м хэмжээтэй байшинд Улаанбаатар хотын харъяат 15 иргэн аялахаар ирээд шатах шингэнтэй буруу харьцсаны улмаас гал гарч 1 хүүхэд амь насаа алдаж, 14 хүн түлэгдсэнийг Улаанбаатар хотруу нисдэг тэргээр  хүргэжээ. Мөн Тариат сумын Цагаан нуур багийн “Тэрхийн гол” гэдэг газар 07 дугаар сарын 27-ны өдрийн 24:00 -01:00 цагийн үед иргэн Д.Энхбаатарын 6 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатсан байна.

Долоодугаар сард болсон хоёр ч удаагийн аянганаас болж 8 настай эрэгтэй хүүхэд түлэгдэж, сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж эмчилгээ хийлгүүлсэн, нэг малчны 600 гаруй хонь хорогдсоныг ариутгал халдваргүйжүүлэлт хийн булж устгажээ.

Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутагт 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 19:05 цагийн үед Чулуут голын аралд 8 суудлын автомашинтай 18 том хүн, 14 хүүхэд нийт 32 хүн гол үерлэсний улмаас боогдсон дуудлагын дагуу Онцгой байдлын газраас 10 алба хаагч, 2 автомашинтай очиж усанд боогдсон иргэдийг аврах завь ашиглан аюулгүй болгосон байна.

Холбоотой мэдээ