Спортын их наадамд Хонгор нутгаас 159 хүүхэд оролцоно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-04 22:41:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүүхдийн спортын VI их наадамд Баянхонгор аймгаас спортын 13 төрөлд 159 тамирчин, 14 дасгалжуулагч оролцохоор нийслэлийг зорилоо. Баг тамирчдад аймгийн удирдлагууд, холбогдох албаныхан амжилт хүсч, аймгийн тугийг хүүхдийн спортын наадамд мандуулахыг ерөөлөө.

Уг үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Энхжаргал, аймгийн БТСГ-ын дарга М.Мэнджаргал, баг тамирчид, дасгалжуулагчид оролцов. 

Тус наадамд оролцож буй баг тамирчдын шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Б.Наранцэцэг захиралтай “Топ ган дриллинг” ХХК гаргаж 44 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

Хүүхэд өсвөр үеийн спортын уралдаан тэмцээнд өргөнөөр оролцуулах, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилго бүхий спортын их наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог томоохон тэмцээн аж. Уг тэмцээнд амжилт үзүүлснээр "Азийн хүүхдийн наадам-2020" шигшээ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авах юм байна.

Холбоотой мэдээ