Халхголынхон ялалтын баяраа тэмдэглэж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-09-04 13:28:34

Дорнод /МОНЦАМЭ/ Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг өнгөрсөн сараас эхлэн орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ. Түүхт ялалтын өлгий нутаг Халхгол сумынхан энэ өдрүүдэд ялалтын баяраа тэмдэглэж байна. 

Халхголынхон ойн баяраа эрэлхэг баатруудын гэгээн дурсгалд зориулан босгосон хөшөөнүүдэд цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн жагсаалаар эхлүүлсэн. Мөн БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандарын хөшөөний нээлт болсон юм. 

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Халх гол сумыг шинээр барих ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дуусч, өчигдөр нээлтээ хийж, Халхгол сумынхан “Шинэ сумын төв”-өө хүлээн авлаа. Харин өнөөдөр ойн баярт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид дайны талбар дээрх “Хээрийн үзүүллэг”-ээр зочлох юм. Мөн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа болно. 

Дашрамд дурдахад, Дорнод аймгийн ард иргэд эх орноо батлан хамгаалах нэгэн зорилгод нэгдэж фронтод байлдаж байсан Монгол-Зөвлөлтийн армийн баттай ар тал болж чадсанаараа дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Дорнод аймгийн ард иргэд фронтод байлдаж байгаа анги салбар, цэрэг дайчдад хоол хүнс, хувцас хэрэглэл, аргал түлш, агт уналга хүргэх, утсан холбоо татах гуалин мод, гүүр гарц тавих дүнз банз тээвэрлэх, худаг гаргаж унд усаар хангах, өвс бордоо бэлтгэх, нуувч шуудуу малтах, шархдагсдыг эмчлэн сувилах, мал нядалгаа, талхны газарт ажиллах зэрэг өргөн хүрээтэй олон ажилд өдөр шөнөгүй зүтгэж байв. Энэ их ажил амгалан тайван бус аюул үхлийн дор өрнөж байв. Фронтын шугам руу хөдөлсөн 8 дугаар дивизийн мал туусан Матад сумын харьяат 18 настай Бадамын Гэндэн хүү дайсны бөмбөгөнд өртөн амь насаа, Сосорын Даржаа өрөөсөн нүдээ алдсан байна. ​1939 онд цэргийн хүнсний баазад 146 мянган толгой мал бэлтгэн нийлүүлсний гадна дайны шийдвэрлэх тулалдааны үед 7 хоногийн дотор 1100 үхэр 30000 бог мал татаж, мах бэлтгэн фронтын шугаманд хүргэжээ.

1938-1940 онд Дорнод аймгийн даргаар ажиллаж байсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ц.Ламзав дурдатгалдаа “...Тайван цагт бол зориглож чадмааргүй зүйлийг дайны үед хийж чадсан Дорнод нутгийн хөдөлмөрч олноороо би үргэлж бахархаж явдаг юм. Нэг хот айлд 5 гэр байлаа гэхэд 4 нь цоожтой, үлдсэн нэг гэрт ердөө л ганц хүн байна. Тэр хотныхоо бүх мал сүргийг маллаж, хүүхэд шуухдыг асарна. Бусад бүх хүмүүс цэргийн албанд хүнс бэлтгэх, түлш татах зэргээр ажиллаж байсан юм. Өвгөд хөгшид хүртэл утасны мод ачсан үхэр тэрэг хөтлөөд Халхгол руу явж байлаа. Эмэгтэйчүүд ч гэлээ сум шунгинаж байхад тоохоо больчихоод мал нядалгааны газарт мах бэлтгэж, хүүхэд багачууд дайсны онгоцоор хаясан олон мянган ухуулах хуудсыг түүж шатааж байв. Тэр бүх тээврийг ердийн хөсгөөр амжуулж байсан юм....” гэж тэмдэглэн үлдээжээ

Холбоотой мэдээ