Чойн Дугаржав баатарт хүндэтгэл үзүүлж, алдрыг нь мөнхжүүллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-09-02 21:15:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын баатар Чойн.Дугаржавын алдрыг мөнхжүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг түүний төрсөн нутаг Онгон суманд зохион байгууллаа. Чойн Дугаржав бол зүүн хязгаараас төрсөн улсын баатар цолтон бөгөөд эх орныхоо тусгаар тогтнол, өнөөгийн бидний аз жаргалтай амьдралын төлөө эрэлхэгээр тулалдаж явсан бахархам үйлстэн билээ. 

Түүний байлдааны ур чадвар, морины эрэмгий, сэлэмийн урлагийг гарамгай эзэмшсэн байдлыг үнэлж тухайн үед “Монгол Чапаев” гэж нэрлэдэг байжээ. Ч.Дугаржав 1969 оны 08 дугаар сарын 12-нд Монгол Улсын баатар цол хүртжээ. Түүний баатар цолоор шагнуулсны 50 жилийн ой энэ жил давхар тохиож байна.


Хүндэтгэлийн  үйл ажиллагааны гол эзэн нь баатрын ганц охин Д.Дуламсүрэн байжээ. Тэрээр энэ жил нас сүүдэр 80 хүрч байгаа аж. Тэрээр аавынхаа тухай дурсан ярихдаа, Би залуу байсан болохоор аавынхаа тухай сайн мэддэггүй. Намайг амаръя гээд хэвтэх гэхээр залуу хүн байж амрах гэлээ гэж их л зэмлэдэг байж билээ. Аав маань их л шударга, үнэнч нэгэн байсан гэдэг юм. Одоо ингээд харахаар тухайн үед аав маань ямар бахархам үйл хэрэгт оролцож байсан юм бэ гэж бодогддог юм гэжээ.  Түүнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар тусгайлан хүндэтгэл үзүүлсэн байна.  

Онгон суман дахь хилийн цэргийн 0184 анги аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 тоот тогтоолоор Монгол Улсын баатар эх оронч Чойн Дугаржавын нэрэмжит болсон байна. Мөн Онгон сумын ЕБС 2003 онд түүний нэрэмжит сургууль болж, Онгон сумын 70 жилийн ойгоор сургуулийн өмнө түүний хөшөөг босгож байжээ.


Улсын баатрынхаа алдар гавьяаг мөнхжүүлэх, залуу хойч үед өвлүүлэх, үнэ цэнийг нь хадгалах зорилгоор Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга болоод Хууль хүчний байгууллагын удирдлагууд баатрынхаа дурсгалыг хүндэтгэн, өндөр ач холбогдол өгч тус үйл ажиллагаанд оролцжээ.

 

Холбоотой мэдээ