Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд 450 гаруй зургаан настан элслээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-09-02 09:25:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Нийслэлийн Баянзүрх дүүргийн математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 48 дугаар сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтэд оролцлоо.

Улсын тэргүүний сургууль, хамт олны болзлыг хангаад буй тус сургуульд энэ хичээлийн жилд 195 багш, ажилчин ажиллаж, бага ангийн 52, дунд ангийн 38, ахлах ангийн 22, нийтдээ 102 бүлэгт 3800 гаруй сурагч суралцахаар нээлтийн ёслолдоо ирсэн байлаа. Нийт 450 гаруй зургаан настан тус сургуулийн алтан босгыг алхан орж, мөнгөн хонхны анхны дуугаа сонссон юм.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нээлтэд оролцогчдод баяр хүргэж хэлсэн үгэндээ, 2019-2020 оны хичээлийн жилд сурах бичгийн дутагдал бүрэн шийдэгдэж, багш, сурагчдын ачаалал буурна. Гурван ээлжээр хичээллэх байдлыг арилгана гэдгийг онцоллоо.

Мөн энэ хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж, хөтөлбөрийн сайжруулалттай уялдуулан “Хичээлийн жилийн бүтэц”, “Сургалтын төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, хот, хөдөөгийн онцлогт тохируулан хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, сургалтын агуулга, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургууль, багшид дэмжлэг болох уян хатан зохицуулалтыг эдгээр шийдвэрт тусгаж өгсөн гэв.

Холбоотой мэдээ