Экологид ээлтэй ногоон хөгжлийн төлөө урагшилж буй өмнөд их хөрш

Монголын мэдээ | Нийтлэл
khandmaa@montsame.gov.mn
2019-09-04 13:57:31

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Олон талаар дэлхий нийтийн анхаарлыг татаж буй өмнөд их хөрш улс орныхоо хөгжил дэвшлийг зөв талаас нь таниулах далайцтай бодлого хэрэгжүүлж байна. Үүний нэг илрэл нь,  БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд манай улсад айлчлахдаа Монголын 250 сэтгүүлчийг эх орондоо урьсан.

Энэ удаад Монголын сэтгүүлчдийг БНХАУ-ын Ганьсу болон Юньнань мужаар аялуулсан бөгөөд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосноороо онцлог байв. Тиймээс өмнөд хөршийн Төрийн зөвлөл нэлээд анхаарч, Өвөр Монголын их сургууль болон Багшийн их сургуулиас орчуулагчид томилон, маш шахуу хөтөлбөр зэхсэн байлаа.

Бидний аялал 800 жилийн түүхтэй, үүнээс 300 гаруй жил нь нийслэл байсан Бээжин хотоос эхэлсэн. Дэлхийн хамгийн олон хүн амтай орны нь  бодсон ч, олон зууны түүхт нийслэлд түм түжигнэж бум бужигнаж байдаг нь мэдээж. Гэхдээ 20 гаруй  сая хүн амтай Бээжин хотод  багшралдаж зовсон юм харж амжилгүй бид Хөдөө аж ахуйн яам, алдарт "Илион" групптэй нь танилцав.

Мэдээж, Хятадын байгаль орчин, экологийн тэргүүлэх компани “Илион” хамгийн их сонирхол татсан. Үнэхээр 10 секундэд нэг мод тарина гэхээр гайхалтай. Машин битгий хэл, хүн явахад төвөгтэй Ордосын элсэн цөлийг ногооруулж “газрын диваажин” болгосныг нь манай сэтгүүлчид ноднинхон зураглан бичиж байсан. Тэгэхээр 1988 онд байгуулагдсан тус компани 30-хан жилд, яаж энэ их амжилтыг бүтээв гэдэг мэдээж сонирхолтой.  Үүнд тэд, төрийн бодлого, орон нутгийн иргэдийн оролцоо, Засгийн газрын дэмжлэг хэмээн товчхон хариулж байв.

Нийт 8000 гаруй ажилтантай энэ групп Ордос дахь “Хөвч”-ийн элсний байгаль хамгааллын загвараараа алдаршсан. НҮБ-ын байгаль орчин болон хөгжлийн шагналыг ч хүртжээ. Хоёр жил тутам “Хөвч” цөлжилтийн форум зохион байгуулдаг бөгөөд бүх дэлхийн хамгийн нөлөө бүхий цөлийн форум хэмээн үнэлэгддэг болсон байна. Нөгөө талаар БНХАУ байгаль орчин хамгааллын үр бүтээлээ дэлхийд дэлгэн үзүүлэх чухал индэр нь болжээ.

Хятадын эрчимтэй хөгжлийн золиос нь байгаль орчин болж, экологийн нөхцөл байдал нь хүндрэн агаар, ус нь асар их бохирдсон хэмээн барууны хэвлэлүүдэд бичдэг нь нууц биш. БНХАУ-ын Засгийн газар, ард түмэн нь үүнтэй эвлэрэлгүй ихийг хийж, үүнд зарцуулах хөрөнгө санхүүгээ жил ирэх тусам нэмэгдүүлж байгаагийн нэг жишээ нь "Илион" групп болов уу гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

Манай оронд цөлжилтийн асуудал жилээс жилд хүндэрч байгаа. Тиймээс хоёр орон энэ тал дээр хамтран ажиллах бололцоотой эсэх тухай асуухад, “Илионий явсан муруй замаар бүү алхаарай, туршлагаа хуваалцахад бид бэлэн” хэмээн хариулж байв.

Эхлээд элсийг тэгшилж өрөмдөөд мод ургуулах гэхэд хэдхэн өдөр ургаад үхчихдэг байсан гэнэ. Гэтэл одоо “Хөвчийн ногоон мөрөөдөл”-өө хэрэгжүүлээд, бүр ашигтай ажиллаж байгаагаа дурдаж сууна. Гол арга нь юу байв гэхээр, элсэрхэг газар удаан хугацаанд ургамал ургах арга олжээ. Тэр нь, хоёр төрлийн чихэрлэг ургамал буюу чихэр өвс, гоёог тарих арга аж. Манай оронд нэн ховордоод байгаа энэ хоёр ургамлыг гурван жил ургуулахад хөрс нь зөөлөрч өөр ургамал тарих таатай орчин бүрджээ. Дроноор хөрсөнд үр суулгаад, бас хянаж байдгаа ч танилцуулав. Гэхдээ тэд байгальтай зөрчилдөж биш, байгальтай зохицож байж ургуулна гэдгийг ойлгож, салхины хүчийг хүртэл элсэн цөлийг "эзэмдэх" их үйлсдээ ашигласан гэнэ.


БНХАУ-ын төрийн зөвлөлийн 26 яамны нэг, Хөдөө аж ахуйн яаман дээр тус улсын хөдөө аж ахуйн чиглэлийн үндсэн бодлого, зорилт, инновацын тухай танилцуулахдаа, ядуурлыг бууруулахад манай улс их туршлага хуримтлуулсан хэмээн онцолсон. Тийнхүү ам бардам хэлэх нь ч аргагүй аж. Ангам цөлийг ойжуулж ногооруулахад нутгийн иргэдийн хүчийг түшиж, бас тухайн бүсийг ядуурлаас ангижруулахад компани, корпорацын хүчийг ашиглах олзуурхууштай жишээг Илион групп хийжээ. Тэд нутгийн иргэдийг “Хөвчийн ногоон мөрөөдөл”-өө бүтээх нэг тулгуур болгож чадсан байна. Ер нь дэлхийн хаана ч говь цөлийнхөн ядуувтар амь зуулгатай байдаг. Тиймээс орон нутгийн иргэдийн газрыг түрээсэлж аваад, эргүүлээд түүн дээр нь цалинжуулж ажиллуулсан байна. Мөн тухайн бүст аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг ч зорилготой хэрэгжүүлжээ.

Түүнчлэн агуйд амьдардаг олон сая хятад иргэдтэй хэмээн саяхан болтол бичигдэж байсан тус улс энэ ойлголтыг  ул болгохоор шийдвэртэй ажиллаж эхэлжээ. 2020 онд бүх тосгон хоол унд, хувцас хунараар дутахгүй, үндсэн боловсрол эзэмшсэн, орон сууцаар хангасан байх зорилт дэвшүүлээд байгаа аж.

Манай улсын хувьд, өмнөд хөрштэй хөдөө аж ахуй, тэр дундаа мах экспортлох чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа. Харин дээрх уулзалтын үеэр албаны хүмүүс нь, малын эмч нарыг бэлтгэхэд манай улсад туслах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна билээ.

Энэ өдрийн хөтөлбөр дуусуут бид, буудалдаа хамгийн ойр Ванфужингийн гудамжаар салхилав. Энгийн биед эвтэйхэн, цэвэр цэмцгэр хувцасласан залуус, цагаан пүүз, өнгө өнгийн эрээн даашинз өмссөн охид бүсгүйчүүд хүүхэд хөвөөдөө хөтлөн алхацгаана. Аялал жуулчлалын гудамж болохоор нэлээд үнэтэй гэнэ. Гэхдээ хямдрал зарласан брендийн дэлгүүрээс манай залуус шаггүй наймаа хийж харагдлаа. Мөн хэдэн зуун метр үргэлжлэх Ванпужингийн гудамжинд хөгжмийн аялгуу дор нэгдэн дасгал хийж буй сайн дурынхан хэсэг бусгаараа олон тааралдана. Зарим нь хувцсаараа хүртэл жигдэрчээ. Тэднийг налайн суугаад үзэж буй ахмадууд ч цөөнгүй. Ийм бүлгүүдийнхээ ачаар Бээжингийн үдэш илүү хөгжөөн хөөртэй, тэнүүн цэнгэлтэй харагддаг байх. Ард түмнээ урлаг уран сайхнаар соёлжуулах төрийн бодлого нь ийнхүү олон талын ач тустай хэрэгжиж буй ажээ.


Үүх түүхийн улбаатай үзэсгэлэнт Юньнань


Хамгийн өмнөд монголчууд энэ мужид  амьдардаг гэх буюу 6000 гаруй хүн өөрсдийгөө монгол гэж үздэг, үүгээрээ бахархдаг. Тэд бол Юань гүрэн байгуулсны дараа Хубилай хааны тушаалаар энд суулгасан монгол түшмэл, цэргүүдийн үр сад. Ер нь 700 жилийн турш хэлээ мартсан ч үгийн сангийн 10 хувь нь монгол үг байдаг гэж байгаа. Мөн 1940 онд Японтой хийсэн дайнаас зугтаж умар зүгийн монголчууд энд нэлээд олноор дүрвэн ирсэн байдаг аж. Юньнаний монгол залуус Чингис, Хубилай, Мөнх гурвыг гурван богд хэмээн хүндэлдэг гэх мэт түүхийн улбаа сүлбээ буй тул энэ мужид дотносуу сэтгэлээр хөл тавилаа.

Юньнань бол Хятадын хамгийн баруун өмнөд муж бөгөөд талбайн хэмжээгээр улсдаа наймдугаарт ордог, 48 сая гаруй хүн амтай, хамгийн олон үндэстэнтэй муж юм. Лаос, Вьетнам, Мьянмар гурван улстай хиллэдэг тул энэ улсуудад нэвтрэх БНХАУ-ын гол зам болдог юм байна.

Юньнанийхан үзэсгэлэнтэй сайхан нутаг усаараа их бахархах юм билээ. Үнэхээр тус мужийн төв Күньмин хотын онгоцны буудалд буухад л өнгөлөг гэгээлэг орчин тоссон. Үнэхээр ч уул ус жигдэрсэн үзэсгэлэнтэй сайхан нутаг аж. Усны их нөөцтэй, гол мөрөн олонтой учир мод сайн ургадаг. Гэхдээ л хүний гараар тарьсан мод их. Зам хээлэн, өнгө зэрэгцүүлэн тарьсан модод автобусны цонхоор жирэлзэн өнгөрнө.  

Бээжингийн онгоцны буудлаас хөөрөхдөө л тухлан суусан том онгоц, үйлчлүүлж буй иргэдээс нь энэ мужийн ерөнхий өнгийг таних шиг болж билээ. Ер нь энэ нутгийн хүмүүсийн амьдрал сайн гэнэ. Хүн зон нь ч их найрсаг. Хуучин байшингийнхаа дэргэд хоёр гурван давхар хауз барьж буй айл олон байлаа.

Юньнань мужийн нутаг дэвсгэрийн дийлэнхийг уул эзэлдэг, эдийн засгийн тэргүүлэх байр суурь нь ХАА тул Монголын сэтгүүлчдийн аяллын хөтөлбөрт ийнхүү оруулсан бололтой. Тиймээс Монголын сэтгүүлчид ийм өргөн бүрэлдэхүүнээр энэ мужид ирж байгаагүй хэмээн нутгийн онцлогоо их л шамдангуй танилцуулж байв.

БНХАУ-ын дарга Си Жиньпиний дэвшүүлж буй "Экологид ээлтэй ногоон хөгжил" бодлогыг Юньнань мужийнхан “Бөмбөрцгийн ногоон хүнс”-ийг бүтээх уриатайгаар хэрэгжүүлж байгаа аж. Будаа гэхэд л  жилд гурван удаа ургац авдаг, кофе, хятад эмийн материал, самар зэрэг ургамлын талбайгаараа улсдаа тэргүүлдэг тус мужийнхан талбайнхаа аюулгүй байдалд их анхаарч, органик бордоог илүү шүтэх болсон гэнэ.

Түүнээс гадна тус муж цайгаараа алдартай. Тиймээс биднийг “Юньнань лунрүн цайны групп”-ээр оруулсан. 2008 оны Бээжингийн Олимпын үеэр хэрэглэсэн бүх цайг эндээс хангасан, БНХАУ-ын дарга Си Жиньпин гадаад улсад айлчлахдаа эндэхийн цайг бэлэглэдэг гэх нь энэ группийн нэр хүндийг тодорхойлно.

Энэ нь цай тарих, боловсруулах, борлуулах, шинжлэх ухаанчаар судлах, цайны соёлын боловсрол олгох, сурталчлах бүх ажиллагааг хамтатгасан өндөр технологийн аж үйлдвэр юм байна. Группийнхээ музейг сонирхуулсны дараа биднийг тусгай өрөөнд залж цайгаар дайллаа. Энэ үеэр бүтээгдэхүүнийхээ төрөл, өнгө амт, хүний биед шингэх ач тусыг хичээнгүйлэн тайлбарлаж байв. Цайг нь удаан хадгалах тусмаа үнэр амт нь улам сайхан болдог гэнэ. Тиймээс  бүтээгдэхүүнээ янз бүрийн ерөөлийн үгтэй төдийгүй үе удам дамжин хадгалуулах ази сэтгэлгээг бодож зоос хэлбэртэй ч үйлдвэрлэдэг юм байна. Хамгийн гол нь эндэхийн цай мах их хэрэглэдэг, өндөрлөг газрын улсад нэн зохицох, халуун чанартай байдаг ажээ.   


"Тогосын сэтгэлт" Ян Липин

БНХАУ цөөн тоот үндэстний соёлыг хөгжүүлэх, түүгээрээ дамжуулан аялал жуулчлалаа тэлэх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Биднийг цөөн тоот үндэсний ардын урлагийн тоглолт үзүүлсэн. Энэ тоглолтын оргил нь “Тогосын сэтгэл” бүжгээрээ ихэд алдаршсан, домогт бүжигчин Ян Липиний шавь нарын үзүүлбэр байв. Нэлээд үнэтэй энэ тоглолтын танилцуулгыг хятад, англи, солонгос хэлээр хэвлэсэн байлаа. Үзэгчдийн нь дунд солонгосчууд ч цөөнгүй байх юм билээ.

Ян Липин бол ардын бүжгийн нэр алдартай бүжигчин бөгөөд Юньнаньд төрсөн, бай үндэстэн. Тогос нь энэ үндэстний бэлгэ тэмдэг буюу тотем аж. Дэлхийн хаана ч энэ шувууг ингэтлээ сайн мэддэг үндэстэн байхгүй гэх үг чухамдаа "Тогосын сэтгэл" бүжгийг Ян Липин шиг бүжиглэх хүн одоо болтол гараагүй гэдэгтэй нь агаар нэг сонсдох юм билээ.

Үнэхээр хүний гар олон шувуу нисэх мэт уран гоё үелзэх эрдмийг түүний бүжиг гайхамшигтай харуулдаг аж. “Тогосын сэтгэл”, “Сарны гэрэл” бүжгийг үзсэний дараа зарим маань нулимсаа барьж дийлээгүй. Тэр нь уран гоо, хээмсэг дэгжин энэ шувуугаар төлөөлүүлэн амьдралын үнэ цэнийг илэрхийлэхдээ Ян Липин, хүний сэтгэлийн утсыг хөндөх тэр ая эгшгийг байгалиас "хурааж" чадсантай нь холбоотой болов уу“Тогосын сэтгэл” бүжгээ Ян Липин хэдэн удаа бүжиглэснээ ч мэдэхгүй бөгөөд бүжиглэх бүр нь дандаа өөр байсан, учир нь байнга шинийг эрэлхийлж, сэтгэлээ урлан бүжиглэдгээ ярьсан байдаг. 

Бүжгийн урлагийн сургуульд огт суралцаагүй ч, хар бага наснаасаа бүжиглэж сурсан тэрбээр байгалиа харж өөрөө бүжгээ дэглэдэг. Хосгүй уян хатан хөдөлгөөнтэй, асар их авьяастай түүнийг 12 настайд нь бүжгийн хамтлагт урьж байжээ. 

Манай аяллыг маш сайн төлөвлөж, удирдсан Хятадын төрийн зөвлөлийн мэдээллийн албаны ажилтан Сун Чо тоглолтын дараа сэтгэл хангалуунаар Ян Липин энэ нутагтаа маш ихийг хийсэн хүн бөгөөд гол дүрийн бүжигчнийг аглаг хөдөөгөөс авчирсан тухай сонирхуулж байсан.

Үнэхээр Ян Липиний зохион байгуулсан олон үндэстний уламжлал, дуу хөгжим бүжгийн шоу нь алдартай аж. Энэ шоугаа зохион байгуулахын тулд Юньнань нутгаараа хэдэн мянган км аялсан бөгөөд тоглолтдоо мэргэжлийн бүжигчдээс илүүтэй амьдрал дундаас жирийн хүмүүсийг сонгож оролцуулдаг юм байна. Нэг шоундаа л гэхэд, 60 тариачныг оролцуулж байсан гэнэ. Ингэж тоглолтынхоо ая аялгуу, дууг хүртэл байгалийн дуу, жирийн тариачдын өдөр тутмын амьдралаас дэглэж хийдгээрээ түүний бүжиг, шоу нь содон сонин, онцгой гойд болдог аж.


Холбоотой мэдээ