300 орчим сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-29 18:28:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан хамтарсан хяналт шалгалтын баг  08 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа. Хяналт шалгалтад өмнөх онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 47 объектод төлөвлөгөөт шалгалтыг  хийж, 20 объектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Улмаар 300 орчим сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан байна.

Тодруулбал, хяналт шалгалтын явцад 113 зөрчлийг илрүүлж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчил арилах хүртэл зогсоож, нийт 79 сая 500 мянган төгрөгийн торгууль, 210 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.


Мөн хүний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр 16 байгууллагын 68 албан хаагчийг хамруулан “Хууль тогтоомжийг сурталчлах” сэдэвт салбарын сургалтыг зохион байгуулжээ.

Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр таван сумын хил орчмын нутаг дэвсгэрийн хөрснөөс дээж авч шинжилгээнд хамруулан хяналт шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүр эрж хайх хэмжилт судалгаанд орхигдсон цэргийн ангийн дөрвөн объект, уул уурхайн салбарын объектуудад байгалийн гаралтай цацраг идэвхт изотоп тодорхойлох судалгаанд  зургаан уурхайг хамруулан тандалт судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ