Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-28 16:25:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 15.37 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлэв.


УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлийн саналыг тусгах зөвшилцлийн ажлын багаас гарсан саналыг өнгөрсөн долоо хоногт ажлын багууд нэгтгэж, томьёолсноор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудлыг шийдвэрлэсэн. Тодруулбал, Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч байх нь зөв гэж томьёолжээ. Мөн УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхтэй холбоотой 9 заалт байсан бол, Ерөнхийлөгчийн төсөлд 2 заалт байсан. Эдгээр саналыг нэгтгээд гурван томьёолол болгож оруулахаар санал болгосон МАН-ын бүлгийн шийдвэрийг  Байнгын хороо дэмжсэн талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулсан юм. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүх талын ойлголцол, зөвшилцлөөр шийдэх ёстой гэдгийг тодотгоод, МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийг батлахдаа, ард түмнээс асууж шийднэ гэж заасан. Энэ дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар явуулах, эсэх талаар тодруулав. Мөн УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 2000 оны дордуулсан гэх долоон өөрчлөлтийг сайжруулах чиглэлд ямар санал оруулсныг асуулаа.


Тэрбээр, “Гадаад, дотоодынхонтой эрх мэдэлтнүүд байгалийн баялгийг цөлмөж байна. Тиймээс Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялаг “Төрийн өмч” гэснийг ард түмний өмч болгох зарчмын санал гаргаж байсан. Ажлын баг энэ саналыг хүлээж аваагүй ч Ерөнхийлөгчийн төсөлд дээрх санал тусгагдсан байсныг оруулахаар болсон. Харин байгалийн баялгийг ашиглах зохицуулалтыг тодорхой болгох хэрэгтэй байна. 51-ээс доошгүй хувийн ашиг нь Монголын төр, ард түмний мэдэлд байх саналыг яагаад орхигдуулсан бэ” хэмээн асуув.


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга С.Бямбацогт, “1992 онд АИХ Үндсэн хуулийг 80 орчим хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Харин 2000 оны өөрчлөлтийг хэдхэн цагийн дотор хийсэн байна. Үүнтэй харьцуулбал, энэ удаагийн өөрчлөлтийн төслийг 2015 онд нэр бүхий 47 гишүүний өргөн барьсан төслийн 70-80 хувьд нь үндэслэж хоёр жил гаруй хугацаанд боловсруулсан. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн төсөл, санал, улс төрийн 30 нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай зөвшилцсөн” хэмээн онцлов.


Тэрээр, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотой асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгийн дараа УИХ-аар шийднэ хэмээн хариулав. Мөн дордуулсан долоон өөрчлөлтийг засахтай холбоотой санал одоо хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тодорхой тусгагдсаныг онцлов. Тухайлбал, “Давхар дээлийг тайлж”, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байхыг хориглох зохицуулалт тусгасан тухай тайлбарлав. УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор хууль баталдаг байсныг өөрчилж, нийт гишүүний олонхоор шийддэг байхаар зохицуулж байгааг мөн тодотгов. Ингэснээр, УИХ чанартай хууль батлах үндсэн суурь зарчим болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.


Түүнчлэн, нам улсын хэмжээнд ажиллаж, санхүү ил тод байх, улс төрийн нам байгуулахдаа сонгуулийн насны нийт иргэдийн нэг хувьтай тэнцэх хүний гарын үсэг цуглуулдаг байх өөрчлөлт оруулжээ. Дээрх саналыг Ерөнхийлөгч болон УИХ дахь АН-ын зөвлөлтэй зөвшилцсөний үр дүнд төсөлд тусгахаар болсныг дурдаад, ингэснээр улс төрийн нам хариуцлагатай, тогтвортой ажиллах ач холбогдолтой хэмээв. Харин байгалийн баялгийг ашиглахдаа, тэгш байдал, Үндэсний аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангана гэдэг өгүүлбэр нэмсэн бөгөөд байгалийн баялаг нь төрийн нийтийн өмч гэж тодорхойлохоор болсныг цохон тэмдэглэв.


Баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд, гарах зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно гэсэн санал Байнгын хороогоор хэлэлцэгдэж байгааг мөн уламжиллаа.


ЕТГ-ын дарга З.Энхболд, “Үндсэн хуулийн 6.2-т Ард түмний өмчийг төрийн нийтийн өмч гэж тодорхойлох нь зүй. Учир нь ард түмний төлөө ажиллах ёстой төлөөлөл байгалийн баялгийг өөрийн мэт ашиглаж байна. Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарын хүмүүс “Эрдэнэс таван толгой” компанийг Монгол, Хятадын хамтарсан компанид 100 жилээр үнэгүй өгөх шахлаа. Тиймээс төрийн нийтийн өмч гэж заалт оруулж буйг Ерөнхийлөгч зөвшилцлийн үед зөвшөөрсөн” хэмээв. 


Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж, тайлбар аван байр сууриа илэрхийлж байна.

Холбоотой мэдээ