ХБНГУ-ын Байгаль орчны яамны төлөөлөгчид айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-27 10:39:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Рита Шварцелюр-Суттер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хатагтай Шварцелюр-Суттерийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр орны байгаль орчин, уур амьсгалын чиглэлээрх хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид “Ногоон эдийн засаг”-ийг хөгжүүлэх, эдийн засгийн салбаруудыг байгаль орчинд ээлтэй техник, технологид тулгуурлах талаар хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Хатагтай Шварцелюр-Суттер сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд ХБНГУ-аас онцгой анхаарал хандуулж байгааг хэлээд ХАА-н салбарыг өртөг шингээсэн, хаягдал багатай болгох шаардлагатайг онцолсон юм. Харин Н.Цэрэнбат сайд иргэдийн хандлагыг өөрчлөх, ногоон зээл болон байгальд ээлтэй технологийг импортын татвараас чөлөөлөх зэрэг хувийн хэвшлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн төрөл зүйлийг хамгаалах, нутгийн иргэдийн амьжиргааг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар дэмжиж буйг танилцууллаа.

Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын төлөөлөгчид Хустайн нуруу, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Багануурын нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, БОАЖЯ, УУЯ, ГХЯ, ЭХЯ-ны төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хувь нэмрийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаанд оролцоно.

 

Холбоотой мэдээ