“Өндөрхаан” Олон улсын спорт цогцолборын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-27 09:24:53

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт гурван мянган хүний суудалтай барих “Өндөрхаан” Олон улсын спорт цогцолборын шав тавих ёслол боллоо.

Хан Хэнтийчүүдийн төдийгүй Монголын ард түмний хандив дэмжлэгээр сүндэрлэх уг ордонг 2020 оны 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсаны дагуу “Хасу Мегават” группийн захирал Ж.Түмэн-Аюуш, Чингис хотын захирагч асан Н.Базарханд тэргүүтэй есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажилдаа оржээ.

Цогцолборын шав тавих ёслолын үеэр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харъяат Үүлэн хэмээх Гомбожавын Чүлтэм начингийн зээ хүү Чулуунбаатар 10 сая төгрөгийн хандив өргөсөн байна.

Ажлын хэсгээс гаргасан дүрэм журмын дагуу хандивлагч нарын нэр алдрыг мөнхжүүлж бичих, спортын тэмцээн уралдааныг үнэ төлбөргүй үзэх эрхээр урамшуулахаар тогтсон гэнэ. Тухайлбал 20 мянган төгрөг өгсөн хандивлагч гурван сар, түүнээс дээш хэд ч байж болох бөгөөд жишээ нь нэг сая төгрөгийн хандивлагч 20 жилийн турш гэр бүлийн хамтаар үнэ төлбөргүй тус ордноор үйлчлүүлэх эрх гэх мэтчилэн дээд тал нь 10 хүртэлх сая төгрөгийн босго тогтоожээ.

Холбоотой мэдээ