Монгол Улс соёлын өвийг хамгаалах эрхзүйг хангалттай бүрдүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдэвт олон улсын сургалт семинар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын хурлын танхимд болж байна.
ГХЯ, БСШУСЯ, Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газраас хамтран зохион байгуулж буй семинарт оролцож буй Азийн бүсийн түншлэгч орнууд болох БНСУ, Тайланд, Японы төлөөлөгчид Европын холбооны улсуудад соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдахтай тэмцэж буй туршлагуудыг сонсож байна. Мөн зохион байгуулагч орон Монгол Улс дахь соёлын өвийг хамгаалах өнөөгийн нөхцөл байдал хууль эрхзүйн орчин, энэ талаар гарч буй гэмт хэрэг, зөрчлүүдийн талаар танилцаж байна.
Сургалт, семинарын
талаар БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс
тодруулбал, “Манай улсад
соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан худалдах гэмт хэргийн сургалт, хурал
олон улсын шинжээчдийг оролцуулсан өргөн цар хүрээтэй болж байгаагүй. Тиймээс хурлын үр дүнд нэгд, бид соёлын эд зүйлийг
хамгаалах тал дээр олон улсын хамтын ажиллагааны гарц, боломжуудыг нэмэгдүүлнэ.
Хоёрт, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, бололцоотой, тодорхой
төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бодолтой байна. Гуравт, манай улсын хууль
сахиулах байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх, энэ чиглэлээр ажилладаг
мэргэжилтэн, албан хаагчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд энэ удаагийн
сургалт семинар хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тэрээр манай улсад цагдаа, тагнуул, гааль, мэргэжлийн хяналт гэсэн хууль хүчний байгууллагуудыг мэдээллийн сүлжээнд холбож, тусгай сүлжээгээр мэдээлэл дамжуулдаг боломжийг бүрдүүлсэн системтэй болохоор ажиллаж буйг дуулгалаа.
Монгол Улсад соёлын
өвийн эд зүйлийг хууль бусаар худалдахтай тэмцэх талаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулинд
эрүүгийн хариуцлага ногдуулах зэргээр боломжуудыг суулгаж өгснөөр хууль эрхзүйн
орчин харьцангуй бүрдсэнийг өнөөдрийн хуралдаанаар онцолж байв. Мөн манай улсад
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталж, салбар дундын хууль тогтоомжуудтай нэлээн сайн уяж холбосон. Зарим нэг харилцааг зохицуулсан нарийвчилсан
дүрэм журмуудыг баталж гаргаснаар нийтдээ 20 гаруй журам мөрдөж байгааг
семинарын үеэр танилцуулсан юм.
Хэдийгээр хууль эрхзүйн
орчин сайн бүрдэж өгсөн ч соёлын өвийн эд зүйлийг хил дамнан гаргах хэрэг
зөрчил буурахгүй байгааг ч семинар дээр тэмдэглэв. Энэ онд шашны эд зүйлийг хууль бусаар хил
давуулахыг оролдсон 8-9 хэрэг гарсны ихэнх нь судар ном, шашны холбогдолтой
эд зүйлс, бурхан тахил, шүтээний эд зүйл байжээ. Хэргүүдийг шүүхээр шийдвэрлэж,
хураасан эд зүйлсийг төрийн өмчид шилжүүлсэн байна.
Таван өдөр үргэлжлэх "Соёлын
өвийг хууль бусаар хил давуулан худалдахтай тэмцэх" сэдэвт олон улсын
сургалт семинарт Европын
холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид, соёлын
өвийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр мэргэшсэн Итали, Франц, Македон,
Грек, АНУ зэрэг орны мэргэжилтнүүд оролцож байна. Мөн Азийн бүс нутгийн
түншлэгч орнууд болох БНСУ, Тайланд, Японоос төлөөлөгчид иржээ. Манай улсаас Гаалийн ерөнхий газар, МХЕГ, ЦЕГ зэрэг төрийн 10 гаруй
байгууллага, хууль сахиулах зургаан байгууллагын төлөөлөгчид оролцож
байна.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал