Тайванийн Чэн Кун их сургуулийн хамт олон монгол сургуульд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-26 11:53:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Үндэсний Чэн Кун их сургуулийн 13 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын багш, оюутны баг энэ сарын 18-31-нд Улаанбаатар хотын 49 дүгээр дунд сургуульд сургалт, семинар зохион байгуулж байна.

 

Энэхүү цогц сургалтын агуулга нь сурагчдад англи хэлийг хэрхэн үр дүнтэй сургах, шинжлэх ухааны олон салбарын мэдлэгийг танин мэдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, байгаль орчныг хамгаалах үзэл сэтгэлгээг суулгах зэрэгт чиглэж байгаа юм.

Тус сургуулийн захирал Ж.Баярмаа хэлэхдээ, “Тайванийн Үндэсний Чэн Кун их сургуулийн багш оюутнууд манай сургуулийг сонгон сургалт, семинар зохиож, сурагчдад соёл, сургалтын өөр аргыг таниулж буйд талархал илэрхийлье. Монгол хүүхдүүд байгальтай ойр байж, чөлөөтэй сэтгэж,  нээлттэй байдаг тул энэ удаагийн сургалтаар сурагчдын харах өнцөг гүнзгийрч, сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэнэ гэж найдаж байна” гэв.

Багийн ахлагч, багш У Чанжөн, “Аливаа төрлийн үйлчилгээнд суралцах нь үйлчилгээ, сургалт хоёрыг хослуулсан дадлагын нэгэн хэлбэр юм. Энгийнээр хэлэхэд “хийнгээ суралцах” гэсэн ойлголт юм. Оюутнууд нийгэмд чиглэсэн тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа сэтгэхүй нь хөгжиж, түүнийхээ үр шимийг хүртэж байдаг” хэмээв.


Эдүгээ 87 жилийн ойтойгоо золгож буй Тайванийн Үндэсний Чэн Кун их сургууль нь Тайванийн дотоодын болон гадаад улс орнуудаас нийт 180 мянга орчим оюутан төгсжээ. Гадны улс оронд төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Энэ удаагийн сургалт семинарыг Тайванийн залуу үеийн боловсролын нийгэмлэг болон Монгол Улсын “Ворккамп” солилцооны байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

 

 

Холбоотой мэдээ