Масаказу Ямамотог Алтан гадас одонгоор шагнав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-08-24 14:26:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав.


Энэхүү хүндтэй шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр түүнд гардууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон хавдар судлалын салбарыг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ийнхүү шагнасан байна.


Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал, профессор Масаказу Ямамото 2008 оноос хойш 12 удаа Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникт ирж ажиллахдаа 50 гаруй монгол иргэнд амжилттай мэс засал, эмчилгээ хийсэн бөгөөд ажлын байран дээрх сургалтыг мөн явуулж, тус төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, ходоодны мэс засал, улаан хоолойн мэс засал, бүдүүн гэдэсний мэс засал, эмчилгээг одоогийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Холбоотой мэдээ