“Англи хэлтэй залуус” хөтөлбөрт 4500 залуу хамрагдав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-08-22 12:28:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлж, тус хөтөлбөрийн хаалтын ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон даяар 36 мянган оюутан, сурагчтай Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон холбогдох албаныхан уулзаж, санал асуулга авсан байна. Эдгээр уулзалтын үеэр англи хэлний сургалт болон зуны амралтаараа ажил хийх боломжийг нэмэгдүүлж өгөх хүсэлт их ирсэн тул “Англи хэлтэй залуус” болон  “Ажилтай оюутан” хөтөлбөрийг зохион байгуулжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөтөлбөрийн хаалтад оролцож хэлэхдээ, “Гадаад хэл, тэр дундаа англи хэл сурах нь интернэт хэмээх мэдээллийн далайгаас мэдлэг санаа, мэдээлэл шүүрдэх өргөн боломжийг залууст нээнэ. Англи хэл дэлхийн хаана ч явсан бусадтай харилцах, ойлголцох боломжийг олгодог. Тиймээс англи хэл сурах нь залуу хүн бүрийн зорилго, хэрэгцээ байх нь зөв юм. Оюутан залуус хичээлийн бус цагаар ажил хийх, ойр зуурын хэрэглээний зардлаа олох нөхцөл бий болгох талаар та бүхний хүсэлтийг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгахад таатай байна. Одоогийн байдлаар “Ажилтай оюутан” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт 2600 гаруй оюутан түр ажлын байртай болж нийт 530 гаруй сая төгрөгийн цалин урамшуулал авсан байна. “Англи хэлтэй оюутан” хөтөлбөр зарламагц 4 хоногийн дотор 4530 орчим хүн бүртгүүлж, суралцах хугацаандаа нийгмийн сайн сайханд чиглэсэн уриалга, бодит ажлыг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрт оролцогч залуус Туул гол дагуу 13.8 км зайд нийт 4 тонн, 250 гаруй шуудай хог цэвэрлэсэн нь иргэдэд эерэг зөвийг үлгэрлэсэн үйлдэл юм. Оюутан залуус та бүхэнд “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж, өөрсдийгөө сурах хөгжих урмаар цэнэглэсэнд баяр хүргэж, эндээс олж авсан сэдэл урмаараа үргэлжлүүлэн англи хэлийг төгс эзэмшихийг хүсье” гэв.

Хөтөлбөрийг энэ сарын 1-21-нд амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд монгол, гадаад 50 гаруй багш ажиллаж, 16-30 насны 4530 суралцагчид англи хэлний анхан, дунд, ахисан түвшний хичээлийг үнэ төлбөргүй орсон байна.


Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бямбазул, “Энэхүү  хөтөлбөрийн дунд шатны ангид суралцлаа. Англи хэлний түвшингээ ахиулсан, англи хэл сурах идэвх чармайлтыг нэмэгдүүлсэн үнэхээр үр өгөөжтэй, чанартай сургалт болсон. Сургалтад англи хэл зааснаас гадна эерэг хандлага, хувь хүний хөгжлийн сургалт явуулсан. Би цаашид бизнесийн удирдлагын чиглэлээр суралцах сонирхолтой. Монгол Улсын Ерөнхийлөгчдөө талархсанаа илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Зохион байгуулах комиссын гишүүн Н.Лхагвадорж, “Англи хэлтэй залуус” хөтөлбөр түүхэндээ Монгол Улсад анх удаа хэрэгжлээ.  Энэхүү хөтөлбөр Монголын мянга мянган оюутан залууст англи хэл сурахад ямар хялбар болохыг ойлгуулсан, цаашид эх орноо хайрлах үндсэрхэг үзэл, эерэг хандлага хүмүүжил төлөвшлийг суурилуулж, ухааруулж өгсөн хөтөлбөр боллоо хэмээн онцлон тэмдэглэж байна. Дараа дараагийн удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар болон нийт зөвлөхүүддээ энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүсэлт тавих болно” гэв. 

Сүхбаатарын талбайд цугласан оюутан залуус Монголын үндэсний бүжиг бүхий флаш моб бүжгээр дамжуулан эх дэлхийгээ хайрлах, өглөө эртлэн босож, хийж бүтээхийг үеийн залуустаа уриалсан юм.


Холбоотой мэдээ