Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-22 11:02:42

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалах яам БНАСАУ болон Ираны пуужингийн болзошгүй довтолгооноос хамгаалахын тулд пуужин амдан сөнөөгч бүтээх зорилгоор Америкийн “Boeing” корпорацтай байгуулсан 1 тэрбум гаруй ам.долларын гэрээгээ цуцлах шийдвэр гаргажээ.


“Техникийн үзэл баримтлалын асуудалтай холбоотойгоор гэрээг цуцлах шийдвэр гаргасан бөгөөд пүрэв гарагт хүчин төгөлдөр болно. Үүнтэй холбогдуулан “Boeing” корпорацын оролцож байсан, шинэ үеийн пуужин амдан сөнөөгч бүтээх хөтөлбөрийг зогсоосон” гэж Пентагоны Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах агентлагийн төлөөлөгч Марк Райт мэдээлсэн байна.


“Boeing” корпорац 2017 оны тавдугаар сард уг хөтөлбөрийн хүрээнд “БНАСАУ болон Иранаас” харвасан пуужингуудыг устгах амдан сөнөөгч бүтээх эрхийг авч, 1 тэрбум ам.долларын гэрээг байгуулсан байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, амдан сөнөөгчийн хошуу хэсэг дайсны пуужинтай шууд мөргөлдөж устгадаг байх ёстой байжээ.  


Гэвч Пентагоны судалгаа шинжилгээ болон туршилт-зохион бүтээх ажлыг хариуцдаг АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Майкл Гриффин “наймдугаар сарын 14-нд хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргажээ”. Америкийн цэргийн байгууллага оронд нь “дараагийн үеийн шинэ амдан сөнөөгч” бүтээх тендер зарлах аж.


Холбоотой мэдээ