Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатагтай А.Алисжабанаг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-21 14:59:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцохоор манай улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабанаг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тус хуралд бүс нутгийн олон улсын байгууллагын удирдлага оролцож байгаа нь форумын ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг тэмдэглэв. Мөн энэ айлчлалын үр дүнд Монгол Улс-Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Хатагтай А.Алисжабана, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж байгааг онцолж, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс Монгол Улсын Засгийн газартай байгаль орчин, эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэв. Тэрбээр энэ хүрээнд БОАЖ болон Эрчим хүчний сайдтай мөн уулзсанаа онцлов. 


Нью-Йорк хотноо өнгөрсөн сард болсон НҮБ-ын Тогтвортой байдлын хөгжлийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад манай улс “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх сайн дурын илтгэлээ танилцуулсан. Манай улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах асуудлыг илтгэлд онцгойлон тусгасныг Ерөнхий сайд дурдлаа. Мөн бүс нутгийн орнуудын цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах манай санаачилгыг дэмжиж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд, энэхүү санаачилгыг бүс нутгийн орнуудад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй холбоход анхаарахыг хүсэв. 

Холбоотой мэдээ