АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-21 10:37:55

СӨҮЛ. /Yonhap/. Солонгосын хойгийн хурцадмал байдал даамжрахад АНУ буруутай гэж БНАСАУ лхагва гарагт мэдэгдсэн байна.


Пёньяны засаг захиргаа БНСУ-ыг АНУ-тай цэргийн хамтарсан сургууль явуулсантай холбогдуулан тус улсыг сүүлийн хэдэн долоо хоногийн турш хурцаар шүүмжилсээр ирсэн юм. Гэсэн хэдий ч АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаатай холбоотойгоор БНАСАУ АНУ-ыг шууд шүүмжлэхээс зайлсхийж байжээ.


Мягмар гарагт хоёр талын цэргийн хамтарсан сургууль дуусаж, БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар Сөүл хотод хүрэлцэн ирснээс нэг хоногийн дараа БНАСАУ-ын “Rodong Sinmun” сонинд дээрх шүүмжлэл гарсан байна.


“АНУ-ын дайсагнасан бодлого өөрчлөгдөхгүй байгаагийн улмаас манай улс учирч болзошгүй шууд заналхийллийг сөрөх зорилгоор өөрийгөө хамгаалах арга хэмжээнүүд хэрэгжүүлэхэд хүрч байна” гэж “Rodong Sinmun” сонины тайлбарт дурджээ.


Мөн хамтарсан сургууль өчигдөр дуусаж, АНУ-аас БНСУ-д нийлүүлсэн өндөр технологийн зэвсгүүдийг танилцуулснаар Вашингтон хурцадмал байдлыг нэмэгдүүллээ хэмээгээд, манай улс үр дүнтэй яриа хэлэлцээ явуулахад гаргаж буй хүчин чармайлтаа зогсоож магадгүй гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ