Италийн Ерөнхий сайд огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-21 10:30:34

РОМ. /АР/. Итали улсын сайд нарын танхимын дарга Жузеппе Конте огцрох хүсэлтээ мягмар гарагт гаргалаа гэж тус улсын Ерөнхийлөгчийн ордон мэдэгджээ.


“Италийн Ерөнхийлөгч Сержо Матарелла Сайд нарын танхимын дарга, профессор Жузеппе Контег хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч түүний огцрох хүсэлтийг хүлээн авсан” гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд дурдсан байна.


Мэдэгдэлд дурдсанаар, лхагва гарагт 16:00 цагт улс төрийн зөвлөгөөн эхлэх аж. Зөвлөгөөний гол зорилго нь шинэ Засгийн газрыг дэмжих парламентад олонхын суудалтай өөр намууд байгаа эсэхийг тодруулах юм.


Италийн Дотоод хэргийн сайд бөгөөд эрх баригч хоёр намын нэг болох “Лиги” намын дарга Маттео Сальвинигийн хийсэн мэдэгдэл Жузеппе Контег огцрох шийдвэр гаргахад хүргэжээ. Эрх баригч олонх байхгүй байна гэж Маттео Сальвини наймдугаар сарын 8-нд мэдэгджээ. Тэрбээр мөн дахин сонгууль явуулахыг уриалсан байна.


Үүний зэрэгцээ парламентын дээд танхим буюу Сенатын танхимд “Лиги” намаас сонгогдсон гишүүд Засгийн газар болон Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн тогтоолыг танилцуулжээ. Уг тогтоолыг мягмар гарагт Сенатын танхимаар хэлэлцүүлсний дараа буцаасан байна. Контег огцрохоо мэдэгдсэний дараа эвслийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах нь утгагүй байв.


Ерөнхий сайд Жузеппе Контег огцорсонтой холбогдуулан хийх улс төрийн зөвлөгөөн хоёр хоног үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ