Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 20 жилийн ирээдүйг харах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-19 13:43:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах 18 саналын томьёолол боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт албан ёсоор хүргүүлэхээр болжээ. 


Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа наад зах нь улс орны 20 жилийн ирээдүйг харах ёстой. Ажлын баг болон эрх баригч нам манай зөвлөлөөс гарсан 18 зарчмын саналыг хүлээн авч, хэлэлцэнэ гэдэгт итгэж байна. Тухайлбал энэ 18 заалтад, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ, "УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нууц санал өгөх бөгөөд олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ-аас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль батална" гэсэн санал гаргасан. Энэ заалтыг 2025 оны долоодугаар сараас хэрэгжүүлж болох юм гэсэн байр суурьтай байна. Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ний 60 хувиас ихгүй байх, төр татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтоодог байх саналыг мөн тусгаад байна. Түүнчлэн, баялгийг Монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх зарчмаар баялгийн сан байгуулж ажиллах, тус сан нь төрийн бус байна гэсэн санал оруулж байгаа” хэмээв. 

Тус зөвлөлөөс УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналтай байгаа аж. Харин төрийн төсөв, санхүүтэй холбоотой асуудлаар, зарим томьёоллыг засаж, сайжруулах ёстой гэж үзсэн байна. Тухайлбал, "УИХ-аас улсын төсөв батлахдаа, төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчлөх эрхтэй ч зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно" гэсэн санал оруулжээ.

 

Санхүүгийн чөлөөт бүстэй холбоотой асуудлыг Үндсэн хуульд тусгаж, баталгаажуулах шаардлагатай гэж үзсэн байна. Олон улсад гарч байгаа эдийн засаг, худалдааны мөргөлдөөн нь дээрх зохицуулалт байхгүйгээс гарч буйг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ онцолсон. АН-ын зөвлөлийн гаргасан саналд, "УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар биелүүлсэн үүргээ үл хэрэгжүүлсэн нь эгүүлэн татах тодорхой үндэслэл болно" гэсэн санал тусгасан байна. Мөн орон нутаг бие даасан төсөвтэй, татвар хураах эрхтэй байх зохицуулалт оруулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Зарим хүмүүс Монгол Улс нэгдмэл улс учраас орон нутгийг тараасан, аль нэг аймагт монопол эрх олгох энэхүү зохицуулалтыг дэмжихгүй байгаа юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн, Үндсэн хуульд төрөөс татвар, хураамжийг хуулиар тогтооно гэдэг томьёоллыг санал болгосон байгаа” хэмээв. 

Холбоотой мэдээ