Стивен Бигун Орос-Америкийн худалдааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун ОХУ-д суух Элчин сайдаар томилогдвол Орос-Америкийн худалдааны харилцааг хөгжүүлэхэд үр дүнтэй хувь нэмэр оруулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны ажилтнууд үзэж байна. Энэ тухай телевизийн “CNN” суваг мягмар гарагт мэдээлжээ.
“CNN” сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь Оросын албаны хүмүүстэй нягт хамтран ажиллаж байсан учир Бигун энэ албан тушаалд тохирно гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж. "Ford Motor" компанид ажиллаж байхдаа хуримтлуулсан гадаадын эрх баригчидтай харилцаа тогтоох туршлага нь Бигун АНУ болон ОХУ-ын худалдааны харилцааг хөгжүүлэхэд тохирох хүн гэдгийг харуулж байна гэж Америкийн засаг захиргааны ажилтнууд үзэж байгаа. Трамп чухам энэ чиглэлд анхаарлаа хандуулах хүсэлтэй байгаа юм" гэж “CNN” сувгийн эх сурвалж хэлсэн байна.
Бигун өөрөө мөн ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын даргаар томилогдох сонирхолтой байгаа гэж түүний ойрын хүрээний нэгэн эх сурвалж хэлжээ. Эх сурвалжийн хэлснээр, үүний нэг шалтгаан нь Вашингтон болон Пёньяны хооронд хийж буй хэлэлцээ саатсантай холбоотой аж.
“CNN” сувгаар мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид ХБНГУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Ричард Гренеллыг мөн судалж байгаа аж. Харин Гренелл ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын даргаар томилогдох сонирхолгүй байгаа гэж тус сувгийн эх сурвалж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-д суух шинэ Элчин сайдаар Стивен Бигунийг томилох боломжийг судалж байна гэж “The Wall Street Journal” сонин болон “Reuters” агентлаг урьд нь мэдээлсэн байна. АНУ-аас Москвад суугаа Элчин сайд Жон Хантсман огцрох хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Тэрбээр 10 дугаар сарын 3-нд албан тушаалаасаа огцрох төлөвтэй байна.
АНУ болон ОХУ-д худалдаагаа хөгжүүлэх асар их боломж бий гэдэгт итгэлтэй байгаагаа Трамп Японы Осака хотод болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн билээ.