Зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-08-08 15:08:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд зөвшөөрөлгүй барилга барьж буй компаниудын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлжээ.



Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан зөвшөөрөлгүй барилга барьсан, үерийн ус зайлуулах хоолой хаасан компаниудын үйл ажиллагааг зогсоохыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын баг Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд барилга барьж буй компаниудад шалгалт хийсэн байна. Энэ үеэр мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй “Талст Ширээт”, “Амундра”, “Трай колорс” компанийн үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлж, барилгуудыг бүрэн лацаджээ. Мөн барилга барих эхлүүлэх зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн гэх үндэслэлээр “Инкоммаш” болон “Бөхбат”компанид эрчим хүчний хязгаарлалт хийсэн байна.



Наадамчдын гудамжны авто замын ус зайлуулах хоолойг хааж барилга барьсан “Талст Ширээт” компанийнхан өөрсдийн хөрөнгөөр тус зам дагуух үерийн усийг зайлуулж, зам талбайг цэвэрлэж, улсад учирсан хохирлыг бүрэн барагдуулжээ.

Холбоотой мэдээ