Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баяр Хэнтий аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-26 13:42:53

Хэнтий /МОНЦАМЭ/ Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр Хэнтий аймгаас эхэлж байна. Энэ хүрээнд Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Улсын баатар Ш.Гонгорын хөшөөний нээлт боллоо. 


Тэртээх 1936 онд Дорнод аймгийн нутаг Халх голд эхэлсэн цуст дайнд Хэнтий аймаг цэрэг эрсийн хангалт, арын фронт болон бат зогсож хугацаат болон хугацаат бус цэргийн олон зуун дайчин эрсээ ч илгээж явсан цаг үе. Ийнхүү Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Ардын журамт цэргийн анхны хорооны дарга Пунцаг жанжны хөшөөний дэргэд Монгол Улсын анхны баатруудын нэг, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Шагдарын Гонгорын гэрэлт хөшөөг төв цэцэрлэгт хүрээлэнд босголоо. Хөшөөний нээлтэд Батлан хамгаалах яам, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги салбарын бие бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн юм.


Тус хөшөөний эх загварыг Хэнтий аймгийн зураач урчуудын холбооны тэргүүн, МУЭХ-ны гишүүн зураач Д.Батхуяг тэргүүтэй Хэнтий аймгийн зураач, урчууд хамтран маш богино хугацаанд бүтээсэн байна. Хөшөөнд БНМАУ-ын Анхны Монгол Улсын Баатар идэр залуу настай Ш.Гонгорыг хурандаа цол бүхий цэргийн хувцастайгаар дүрсэлсэн байна. Түүнчлэн Батлан хамгаалах яамны төв архиваас Халх голын дайнд Хэнтий аймгаас оролцож явсан 678 хүний нэрийг шүүж авсан бөгөөд эдгээр дайчдын нэрсийг дурсгалын цогцолборын хананд бичиж мөнхжүүлжээ.


Мөн орон нутаг судлах музейд дайчдын буланг дэлгэсэн бөгөөд үргэлжлүүлэн Хан Хэнтий чуулгад баярын хурал, хүндэтгэлийн концерт болон Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн баримтат киноны нээлт тус тус болно.

Холбоотой мэдээ