ХӨВСГӨЛ: Дүрслэх урлагийн багш нар байгалийн сайханд зурж, туршлага солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсролын газар, МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль хамтран дүрслэх урлагийн багш нарыг чадавхжуулах хээрийн дадлага сургалтыг Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутагт зохион байгуулав.
Тус сургалтад Хөвсгөл аймгийн 23 сумын ерөнхий боловсролын сургуулийн 32 багш хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, бүтээлч арга барилд суралцаж, баг хамт олон болон нэгдэж харилцан туршлага солилцов.
Хээрийн дадлага сургалтыг Рэнчинлхүмбэ сумын Хорьдол сарьдгийн даваа, Жарганатын гол, Улаан-Уул сумын Дуут булаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад хийж, багш нар байгалийн зүй тогтол, гоо сайхныг буулган зохиомжилж зурах, судалбар, этюд хийх зэрэг ур чадварт суралцжээ.
Сургагч багшаар МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн урлагийн тэнхимийн багш докторант Д.Булгантуяа, О.Доржготов, Б.Галбадрах Хөвсгөл аймгийн Зураач урчуудын холбоо хамтран ажилласан байна.