Д.Трампын хүүд бэлэглэсэн морийг Ялалт хэмээн нэрлэжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-01 10:03:50

ВАШИНГТОН. /TASS/. Монгол Улсаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Барронд бэлэглэсэн морийг Ялалт хэмээн нэрлэжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д айлчлан ирээд буй Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзахын өмнө сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.  


Монгол Улс Дональд Трампын 13 настай хүү Барронд монгол морь бэлэглэсэн тухай АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгчийн мэдэгдсэнийг “Bloomberg” агентлаг өмнө нь иш татан мэдээлсэн юм. Түүнчлэн Д.Баррон эсвэл Д.Трампын Засаг захиргааны хэн нэгэн моринд нэр өгнө үү гэж Монголын талаас хүссэн тухай агентлаг цохон тэмдэглэжээ.


Монгол Улсын хувьд морь бэлэглэх нь тогтсон уламжлал юм. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд, Чак Хейгел нар болон тус улсын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден өмнө нь Монголоос морь бэлгэнд авч байжээ.

 

Холбоотой мэдээ