Грек 202 цагаач, дүрвэгчийг Турк руу илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-05 12:05:32

АФИН. /BBC/. Европ руу чиглэсэн дүрвэгсэд, цагаачдын урсгалыг тогтоон барих зорилгоор Европын Холбоотой /ЕХ/ байгуулсан гэрээний дагуу Грек улс 202 цагаач, дүрвэгчийг Турк руу буцаасан байна.

Тэднийг Грекийн Лесбос болон Хиос арлаас хөлөг онгоцонд суулгаж, Туркийн баруун нутгийн Дикили хотод хүргэжээ. Тэдгээр цагаач, дүрвэгсдийн ихэнх нь Пакистан, Афганистаны иргэд ажээ.

Өнгөрсөн сард байгуулсан дээрх гэрээнд зааснаар, гуравдугаар сарын 20-ноос хойшхи хугацаанд Грект ирсэн дүрвэгч, цагаачдыг Турк руу буцааж, хариуд нь Турк руу буцаасан цагаач, дүрвэгчдийн тоотой тэнцүү тооны Сирийн дүрвэгчдийг ЕХ-ны орнууд хүлээн авахаар болжээ. Одоогийн байдлаар 72 мянга орчим сири иргэд Туркт орогнож байна.

Сиричүүдийг дүрвэгсдийн хуаранд байрлуулж, бусад орны иргэдийг эх оронд нь буцаана гэж Туркийн Засгийн газар мэдэгджээ.

Даваа гарагийн өглөөг хүртэлх 24 цагийн хугацаанд 339 хүн Грекийн эрэгт ирсэн нь дээрх гэрээ үр дүнтэй эсэхэд эргэлзэхэд хүрч байгаа юм.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ