Хэрэглээний үнэ нийслэлд 0.8 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-30 18:18:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нийслэлд 0.8 хувиар өссөн талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээлэв.

Инфляци өнгөрсөн зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 9.6 хувь байв. Харин энэ сард инфляци өсөхөд хувцас болон амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ дээшилсэн нь нөлөөлжээ. Өмнөх сард нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалж махны үнэ өссөн нь энэ сард буураагүй нь мөн нөлөөлсөн байна.


Шатахууны хилийн үнэ газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнийн савалгааг даган өөрчлөгдөж байгаагаас дотоодын шатахууны үнэ 4, 5 дугаар саруудад өссөн. Харин тавдугаар сарын дундаас газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ буурснаар өнгөрсөн сард дотоодын шатахууны үнэ 30-40 төгрөгөөр буурав.

Манай улсын аялал жуулчлалын идэвхтэй улирал зургадугаар сараас эхэлдэг. Үүнийг даган дотоодын аялал жуулчлалын үйлчилгээний үнэ өсөх хандлагатай байдаг. Тайлант сард дотоодын аялал жуулчлалын үйлчилгээний үнэ өмнөх сараас 56.8 хувиар огцом өссөн гэдгийг Монголбанкны мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээ