АТГ иргэдээс ирүүлсэн 61 гомдлыг хянан шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-07-26 16:18:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ энэ долдугаар сард 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, өнгөрсөн сарынхыг оруулаад 61 өргөдөл, гомдлыг хянан шалгаж шийдвэрлэжээ.

Иргэдээс ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байна. Үүнд: 

  • Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын харъяа Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнгийн албан тушаалыг бууруулах,
  • Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн М.Дарханпүрэвийн цалинг 3 сар 30 хувиар бууруулах,
  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.Мөнхбатын цалинг нэг сар 30 хувиар бууруулах,
  • Завхан аймгийн Нөмрөг сумын ИТХ-ын дарга З.Баярмагнайгийн цалинг нэг сар 30 хувиар бууруулах зэрэг хуульд заасан хариуцлага тооцуулсан байна.

Гомдол, мэдээлэлд нэр дурдсан байгууллага, албан тушаалтанд хяналт шалгалтаар зөрчил тогтоогдоогүй ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хүнд суртал, ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар анхааруулж, албан бичиг хүргүүлэн ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ

Холбоотой мэдээ