З.Энхболд: Ерөнхийлөгчийн төсөлд нийслэлийг хотод хуваахаар тусгасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-25 16:08:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх ЕТГ-ын дарга З.Энхболдын танилцуулгаар үргэлжиллээ. 



Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхийлөгчийн төсөлд, Үндсэн хуульд Монгол Улсын  нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд хуваагдах бөгөөд аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байсныг өөрчилж хот гэдэг статусыг нэмэхийг Ерөнхийлөгч санал болгосныг уламжиллаа. Ингэхдээ, Улсын нийслэлийг  хотод, хот  нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдахаар тусгасныг танилцуулав.


Тэрбээр хэлэхдээ, "Үндсэн хуульд хот гэдэг үг нэмж оруулснаар, хүн ам нь 300 мянга давсан Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг цаашлаад Дархан-Уул, Орхон аймгийн цаашдын хөгжлийн асуудлыг шийдэж, хотын статустай болгох шаардлагатай. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн 57.3-т өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хот байгуулах, хил хязгаарыг тогтоох асуудлыг ИТХ-ын саналыг үндэслэн УИХ шийддэг байсныг өөрчилж, эдийн засаг, хүн амын байдлыг харгалзан Засгийн газраас УИХ-д санал оруулж шийдвэрлэх юм.  Монгол Улс нь аль нэг аймгийн ИТХ-ын гишүүнээс хамаарч хот байгуулах ажлаа хойш тавьж болохгүй. Энэ бол өнгөрсөн 30 жилд нэг ч хот байгуулаагүйн шалтгаан. Өнгөрсөн хугацаанд Орхон, Дархан-Уул аймаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ өөрчлөхийн тулд Булган, Сэлэнгэ аймгийн ИТХ, иргэдээс санал авсан ч шийдэлд хүрээгүй. Тэгвэл төслийн уг заалт дэмжигдвэл, асуудлаа Засгийн газартаа тавьж, УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болж байна.


Хархорум хотыг нийслэл болгон шилжүүлэхээр болбол, Үндсэн хуульд Улаанбаатар гэж нэр заасан учир уг хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Тиймээс тухайлсан нэр заах шаардлагагүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийн хот болон аймгийн хотын ялгаа, онцлогийг тусгайлан зохицуулах, улмаар нийслэлийн хотын дүүрэг нь хорооны зохион байгуулалтад орох шаардлага үүснэ. Тиймээс Аймаг нь хотоосоо, сум нь дүүргээсээ ялгагдах онцлогтойг харгалзан Аймгийн эрх зүйн байдлын тухай хууль, Сумын эрх зүйн байдлын тухай хууль, Дүүргийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тусад нь батлах асуудал гарна" хэмээн тайлбарлав.  



Дараа нь УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалтыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа өмнө Үндсэн хуульд  оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хөндсөн багц сэдвийн дундаас хамгийн ярвигтай, эцсийн хариу нь гардаггүй нь орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоо, тэр дундаа хотын асуудал байсныг онцолсон. Тэрбээр ярихдаа, "Монгол Улс яагаад хоттой байж болдоггүй юм бэ гэсэн асуултыг тавихаар иргэд, судлаачдын санал, байр суурь үргэлж зөрүүтэй байдаг. Өмнөх парламентын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбарт Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот гэж нэр зааж өгсөн байдаг. Бид шинэ хот бий болгох үүднээс нэр заалгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар тусгаж өгсөн гэж байлаа. 



Үргэлжлүүлэн АН-ын нарийн бичгийн дарга Д.Оросоо УИХ дахь АН-ын зөвлөлийн саналыг танилцуулсан. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын зарим зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ засаж сайжруулах, анхаарах зүйл байгаа гэлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төслийн 13.1.-д Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот  нь дүүрэгт хуваагдана гэж тусгасанд төрийн дээд байгууллагууд бус парламент нь байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзнэ гэж томьёолох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Учир нь  нийслэл хот  шилжих, хот тэлэх нөхцөлд төрийн дээд байгууллагууд өөр газар, нутагт оршин байх тул парламент нь оршдог гэж  томьёолох нь зүйтэй гэж байлаа. Мөн 59.3-т Аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг 5 жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно гэснийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурлын төлөөлөгчдийн олонх Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит компанийн захирал болж, Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, Засаг даргаа хамгаалагч болж хувирдаг. Иймд аймаг, сумын төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тодорхой хувийг төрд ажиллуулах хязгаар тогтоож өгөх нь зүйтэй гэдгийг онцоллоо.


Танилцуулгын дараа Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар үг хэлж, улс төрийн 14 намын байр суурь, саналыг нэгтгэсэн мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгсөн юм.


Хэлэлцүүлгийн үеэр нийслэл, аймгийн төлөөлөл буюу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Тулгаас байр суурийг нь сонслоо. 



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нийслэлйн эрх зүйн байдлын тухай хууль, Үндсэн хууль зэрэг олон хуулиар хот тосгоны эрх зүйн асуудлыг зохицуулдаг. Үндсэн хуулиар дүүргийг хот болгож зохицуулахад олон асуудал байна. Ажлын баг, гишүүд, төсөл санаачлагчид өөр өөрсдийн саналаа нэгтгэж, зарчмын хувьд, дүүрэг нь хот болох ёстой гэсэн саналд нэгдэж байна. Гэхдээ, бид Үндсэн хуульд хот гэдэг үг нэмээд бүх зүйл болчихлоо гэж ойлгож болохгүй. Учир нь дагалдах салбар хуулиудад хот, дүүрэг, нийслэл нь өөрөө төсөв, орлогоо бүрдүүлдэг, зарцуулдаг зэрэг бие даасан тодорхой эрх, үүрэгтэй байх ёстой. Ийм эрх үүрэг байхгүйгээс асуудлаа бие даан шийдэж чадалгүй хот тосгоны хөгжил дорвитой урагшлахгүй байна. Анхаарах ёстой хэдэн асуудал бий. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар сум, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын ажлыг тогтвортой бодлоготой, байнгын ажиллагаатай болгож байж хот тосгоны хөгжил цаашид бодит үр дүнд хүрнэ. ИТХ тогтвортой ажилладаггүйгээс гадна төлөөлөгчид нь давхар ажил эрхэлж байна. Тиймээс дагалдах хуулиудаар, ИТХ нь төсөв, санхүүгийн эрх мэдэлтэй, орлогоо бүрдүүлдэг, бие даан өрсөлдөх чадвар хийгээд байнгын тогтвортой ажиллагаатай болговол хот, орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдэх боломжтой” хэмээв. 



Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Тулга, “Аймгийнхаа 26 багийн ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлж, нэгтгэсэн саналаа танилцуулж байна. 1967 онд анх Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр зэрэг аймагт аж үйлдвэрийн хотууд боссон байдаг. Харамсалтай нь, 1992 оны Үндсэн хуулийн 57.1 дэх заалтаар, хотын үндсэн статусаа алдсан. Дархан хот нь 1994 онд Засгийн газрын 32 дугаар тогтоолоор газар нутагт өөрчлөлт орж, аймаг, сум, багийн тогтолцоонд шилжсэн. Ингэснээр үйлдвэржилт, гадаад харилцаа, нийгмийн цогц бодлого уналтад орсон юм. Тиймээс энэ хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн 57.1 дэх хэсэгт нийслэлээс нэг шат доогуур, аймгаас нэг шат дээгүүр Монгол Улсын хөгжлийг тодорхойлсон хоёрдахь хотын статусыг хөндөж байна. Өөрөөр хэлбэл, тус заалтад зайлшгүй аймаг, хот, нийслэл, дүүрэг, сум, баг, хороо гэж тусгах саналаа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн саналыг ерөнхийдөө дэмжиж байгаа юм. Үндсэн хуульд хот гэсэн заалт байхгүй болохоор хотын эрх зүйн байдлын талаар холбогдох хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байна.  Орхон, Дархан-Уул аймгийн Дархан, Баян-Өндөр суманд ОХУ-ын консулын газар байрладаг. Гадаад харилцааны бодлого, нийгэм эдийн засгийн түвшинд авч үзэхэд ч цогц бодлоготой шинэ хот бий болох зайлшгүй шаардлагатай. Дархан-Уул аймаг 120 мянган хүн амтай ч 300 мянга болох боломжтой. Засгийн газрын түвшинд энэ хотын үйлдвэржих бодлогыг шийдвэл хөгжлийн хот бий болж, нийслэлийн хүн амын төвлөрлийг ч бууруулах ач холбогдолтой” гэв. 

Холбоотой мэдээ