Монгол Улс анхны ачаа тээврийн онгоцтой боллоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-07-20 15:57:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны ачаа тээврийн буюу карго онгоц болох “Боинг 737-300” агаарын хөлөг өнөөдөр “Чингис хаан“ олон улсын нисэх буудал газардлаа.

Онгоц хүлээн авах ёслолд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ИНЕГ-ийн удирдлага, “Монголиан эйрвэйс карго” ХХК-ийн удирдлага оролцлоо. 

Ёслолыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нээж үг хэлэхдээ, “Олон улсын шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулах, шинэ хурдны зам тавьсан зэргээр зам, тээврийн салбарт олон шинэ үйл явдал тохиож, бүтээн байгуулалт өрнөж байна. Мөн Монгол Улс анхны ачаа тээврийн онгоцтой боллоо" хэмээсэн юм.






Харин “Монголиан эйрвэйс карго” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Чулуунхүүгээс тодруулбал, “Манай улс хоёр хөрш рүүгээ олон давтамжтай нислэг үйлдэх онцгой эрхтэй ч энэ боломжоо өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй юм. Одоо Монгол Улс өөрийн гэсэн ачаа тээврийн онгоцтой болсноор ОХУ, БНХАУ руу нисэх давтамжаа нэмэх боломжтой болно" гэлээ.


Тэрээр, манай улс одоо Дундаж Азийн орнуудаас эх орондоо эко жимс болон бусад шуурхай болон онцгой захиалгат бараа, ачаа тээврийг богино хугацаанд тээвэрлэн гүйцэтгэнэ. Мөн гадаад орнууд руу мах, махан бүтэгдэхүүн, ноос, ноолуур болон газрын ховор металл зэрэг экспортын голлох бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэхээс гадна уул уурхайн тоног, төхөөрөмж, овор ихтэй бараа, онцгой ачааг тээх боломжтой болж байна. Энэхүү онгоц 20 хүртэлх тонн ачаа ачин 5250 км агаарын замыг зогсолтгүй туулах чадвартай бөгөөд Москва, Бээжин, Токио, Шанхай, Гуанжоу, Хөх хот, Сеүл, Хонгконг, Эрхүү, Улаан-Үд хот руу нислэг үйлдэнэ” гэв.



“Монголиан эйрвэйс карго” ХХК хамгийн гол нь Монголд ачаа тээрийн ложистик төвийг нээж, агаарын ачаа тээврийн терминалыг удахгүй ашиглалтад оруулах гэж буйгаа өнөөдөр мөн сэтгүүлчдэд танилцууллаа. Чухам олон улсын буухай шуудан болон агаарын тээврийн иж бүрэн ложистик төвтэй болж, энэ талын үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх бидний гол зорилго гэдгийг “Монголиан эйрвэйс карго” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Туушин” компанийн захирал Н.Зоригт хэлж байв. “Туушин” компани “Монголиан эйрвэйс карго” ХХК-ийг байгуулан ийнхүү манай улсын анхны ачаа тээврийн онгоцыг оруулж ирж байна. Наймдугаар сард тус компани ачаа тээврийн хоёр дахь онгоцоо хүлээн авах юм.

Б.Болд

Холбоотой мэдээ