“Буянт-Ухаа 2” орон сууцанд хамрагдах иргэд цахимаар бүртгүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2019-07-19 15:19:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Буянт-Ухаа 2" 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн мэдээллийг энэ сарын 22-ноос ирэх сарын 5-н хүртэл цахимаар бүртгэнэ гэж НОСК-иас өнөөдөр мэдээлэв.


Орон сууцанд хамрагдах зорилтот бүлгийн иргэд энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрийг сонгох боломжтой юм байна. Тодруулбал, энгийн түрээсийн хэлбэр нь бага төлбөртэй, шилжин амьдрах боломжтой хэдий ч өмчлөхгүй. Харин өмчлөх хэлбэр нь таван жилийн хугацаанд төлбөрөө төлж дуусгах нөхцөлтэй гэдгийг НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм танилцуулав. Тэрбээр, "Зорилтот бүлгийн найман төрлийн иргэдийг уг орон сууцны төсөлд хамруулна. Ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажилчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах боломжтой. Мөн 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон түүний асран хамгаалагч, гамшигт аюулын улмаас орон гэргүй болсон иргэдийн мэдээллийг шалгаруулах юм. Тухайлбал, төрийн албан хаагчдын хувьд, ажилласан жил, өрхийн ам бүлийн тоо, амжиргааны түвшин, амьдарч буй газрын агаарын бохирдлын бүсжилт, нийгмийн даатгал төлөх байдал зэрэг шалгуураар сонгоно" гэв. 


Цахим бүртгэл дууссаны дараа шаардлага хангасан иргэдийн бичиг баримтыг бүртгэж эхлэх юм байна. Тус материалуудаа ТҮЦ машинаас бүрдүүлэх боломжтойг тэрээр хэлсэн. Орон сууцны хувьд, 68.59 мкв гурван өрөө, 39.30 мкв хоёр өрөө, 49.23 мкв хоёр өрөө байр байна. Энэ төсөл агаарын бохирдол бууруулах зорилготой учир зөвхөн Улаанбаатар хотод амьдарч буй гэр хорооллын иргэд хамрагдана. Орон сууцны түрээсэнд хамрагдахаар бүртгүүлсэн иргэн давхар зээлтэй байсан ч төлөх чадварыг нь харгалзан үзээд, түрээсийн төрөлд хамруулах боломжтой аж. 


Цахим бүртгэлийг хийхдээ иргэд мэдээллээ хуурамчаар оруулбал, НОСК-ийн хар жагсаалтанд бүртгэж, төсөлд дахин хамрагдах эрхгүй болох юм. Тиймээс мэдээллээ үнэн зөв оруулахыг НОСК-иас анхааруулав. Мөн иргэдээс багш, эмч, сэтгүүлчдэд квот олгох уу гэсэн асуулт маш их ирж байгаа аж. Аль нэг салбар, иргэн, байгууллагад давуу эрх олгоно гэсэн асуудал огт байхгүй гэдгийг НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар онцолсон юм.

Б. Одгэрэл

Холбоотой мэдээ