Ховд аймгийн аяллын маршрутыг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-19 13:19:44

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын есөн гайхамшгийн нэг Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван чиглэлийн  маршрутыг аялагч, жуулчдад зориулан тодорхойлжээ.

Нэгдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Хар-Ус нуур-Жаргалан хайрхан, Рашаантын хүрхрээ - Хар нуур -Дөргөн нуур, Жанжин овоо-Дарви сум-Загал баатрын хиргисүүр-Сутай хайрхан-Баатархайрхан-Ишгэн толгойн хадны зураг-Гурван Сэнхэрийн агуй 
                                                                 Гурван Сэнхэрийн агуй 




Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км зайд Гурван Сэнхэрийн агуй оршдог. Тус агуйд одоогоос 40,000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсны  ул мөр, хадны сүг  зураг зэрэг  түүхэн дурсгал бий.

                                                                  
                                                                      Хар-Ус нуур 

Хар-Ус нуур нь 1153 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, урд захаараа хулс, шагшуургатай, цэнгэг уст нуур юм.1997 онд 850272 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.

Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн, хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн 2 метр байдаг. Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал буйгаас хамгийн том нь 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр “Агшаб” хэмээх арал юм.

Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Энэ хоёр хэсэг нуурыг 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт “Лүн юм” гэдэг нэртэй хоолой холбодог аж.

                                                                 
                                                                   Рашаантын хүрхрээ

Рашаантын хүрхрээ нь Чандмань сумын нутаг Жаргалан хайрхан ууланд орших бөгөөд их, бага хоёр хүрхрээ бий. Их хүрхрээ 46 метр, бага нь 24 метр өндрөөс буудаг. Энд үе мөч, ходоод, элэг, цөсөнд сайн олон төрлийн рашаан бий. Рашааны тайлбарыг тангад үсгээр бичсэн байдаг аж.

                                                                   
                                                                      Сутай хайрхан уул

Сутай хайрхан уул нь Ховд аймгийн Дарви, Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгийг дамнан оршдог. Ноён оргил буюу Цаст богд нь д.т.д 4234 метр өндөр бөгөөд Сутай хайрхан уул 60 км сунаж тогтсон.

Хар модон ойтой, Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст уулын нэг юм. Сутай хайрханы өвөрт байх нэгэн бага өндөрлөг дээр эрт  үеэс тахиж ирсэн “Их овоо” бий.

Тус уулыг 2007 онд  Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгосон. Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Цагаан голын уулзвараас эх авсан Мөрөнгийн голын хөндий юм.

Уг хөндий 50 гаруй км үргэлжилж,  Хөвхөрийн хойд үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугыг тэтгэдэг.

Хоёрдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Баянзүрхийн цогцолбор-Бодончийн хавцал-Алтай сум -Ямаан ус - Тахь ус -24 эх орончийн хөшөө-Дамжиг ус- Бүдүүн харгайт-Байтаг- Уушиг уул- Гурван хүүхэд уул- Их Онгогийн тал- Алаг толгой - Булган сум -Харуул овоо -Үенчийн хавцал -Их улаан даваа- Баянзүрхийн цогцолбор -Гурван Сэнхэрийн агуй.

                                                                     
                                                               Бодончийн хавцал

Бодончийн хавцал нь Алтай сумын нутагт орших бөгөөд 90 орчим км үргэлжилнэ. Мань чулуу, тэмээ, нохой, сэмжит хад зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар олон бий.


                                                                  Гурван хүүхэд уул

Булган сумын төвөөс 40 км зайд Гурван хүүхэд нэртэй гурван уул байдаг. Байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд хамгийн урд талын уулны дээд энгэрээс жижиг булаг ундардаг.

                                                               
                                                             Их онгогийн тал


Булган сумын нутаг, Онгогийн хөдөө хэмээх их, бага хар дав, Улаан үзүүр, Цахт зэрэг уулсаар хүрээлүүлсэн 15 мянган га талбай бүхий газрыг “Их онгогын тал” гэнэ.

Монгол оронд ховор, Улаан номд орсон “Залаархаг хавраг” хэмээх ургамал ургадаг. Нутгийн иргэд “Чийр” гэж нэрлэдэг. Энэхүү ургамлаас өвөрмөц үнэр бүхий давирхай \шүүс\ ялгаран гардаг бөгөөд үүнийг ханиад томуу, уушигний өвчинд хэрэглэдэг аж.

Гуравдугаар  маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Манхан сум-Шар булаг -Гоогийн гурван хайс – Мөнххайрхан сум - Мэлхий хад – Хөх нуурын хүрхрээ - Шуурхайн хүн чулуу - Долоон нуур – Мөнххайрхан сум – Дуут – Бүргэдтэй хайрхан - Нэвтийн рашаан – Гурван Сэнхэрийн агуй.

                                                             
                                                                   Шуурхайн хүн чулуу 

Шуурхайн хүн чулууг цайвар шаргал өнгөтэй боржин чулуу ашиглан бүтээжээ. Хөшөөний өндөр 112 см, мөрний өргөн 42 см, зузаан нь доод хэсгээрээ 20 см, эрүү орчимд 33 см аж.

Хөшөөний дүрслэл, эд юмс, зохион байгуулалт нь түрэг улсын үеийн дурсгал болохыг илэрхийлж байна гэж судлаачид үздэг.

                         

                                                                    Нэвтийн рашаан


Нэвтийн рашаан сувиллын газар нь Дуут сумын нутаг, Цагаан бургас голын дэргэд байрладаг. Энд бөөр, ходоод, нүд, тогойн рашаан  зэрэг 10 гаруй төрлийн рашаан бий.  

Дөрөвдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Ховд хот - Баянбулагийн амралтын газар – Баянбулагийн хиргисүүр - Хөх Сэрхийн нуруу – Сөртийн хөшөө – Ховд сум – Эе эвийн цогцолбор - Шургийн гол – Хөшөөтийн хадны зураг – Цамбагаравын хадны зураг – Тарвагатай гол – Бөөрөг – Балтгай - Цамбагарав уул – Шижигтийн хавцал – Эрдэнэбүрэн сум – Ховд хотын туурь – Ховд хот – Гурван Сэнхэрийн агуй.


                                                                               Цамбагарав уул

Монгол Алтайн нурууны нэг салшгүй хэсэг болох Цамбагарав уулын ноён оргил далайн түвшнээс дээш 4298.4 м өргөгдсөн. Алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай.

Ховд  аймгийн  Эрдэнэбүрэн, Баян-Өлгий  аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын  заагт  оршдог.  Цамбагарав уулын 110960 га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан.

Энд ховор ан амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана. Иймд тус ууланд авиралт хийх,  явган аялал зохион байгуулахад тохиромжтой.

Тавдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Чандмань хар үзүүрийн хадны сүг зураг - Норжин хайрхан уул – Буянт сум – Ховд гол – Алтан Хөхий - Мянгад сум – Мянгадын шал – Чандмань толгой – Загийн элсэн тойруу – Дөргөн сум – Алаг уул – Бөлбөөтийн тохой – Хар нуур – Дөргөн нуур, Жанжин овоо - Чандмань сум – Гурван Сэнхэрийн агуй.

                                                      Чандмань Хар үзүүрийн хадны сүг зураг

Ховд аймгийн Буянт сумын нутаг, Ховд аймгаас зүүн тийш 13 км-т ”Чандмань Хар үзүүр” хэмээх толгойн хаднаа дүрсэлсэн сүг зураг бий. 1966 онд А.П.Окладниковоор удирдуулсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан  чулуун зэвсгийн судалгааны анги үүнийг илрүүлэн олжээ.

Чандмань Хар үзүүрийн баруун талыг эзлэн тогтсон том толигор хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж цоолборлосны гадна түүний ар ба зүүн хажуугийн хаднаа цөөн зургийг цоолборлосон байна.

Эдгээр зурагт гол төлөв сүрэг амьтдыг тэгш толигор хаднаа дүрслэхдээ амьтны тэгийг хонхойлон цохиж гаргах, амьтны дүрийг бүх талбайгаар нь хонхойлон цохиж урлах, амьтны ерөнхий тэгийг гаргаад улмаар цээжин хэсгийг бүх талбайгаар нь хонхойлж их биений хэсэг хадыг хөндөлгүй орхих гурван  барилыг хэрэглэсэн  байна.

Сэдвийн хувьд ан амьтан бөгөөд адуу, үхэр, буга, аргаль, янгир голлож, харин чоно, үнэг, могой зэрэг амьтдыг цөөвтөр дүрсэлжээ.

Амьтдыг тайван тогтуун байдалтай ихэд сүрлэгээр дүрсэлсний зэрэгцээ тэдгээр амьтдын эр эм хүйсийг тод томруун гаргахдаа  сонирхолтой аргыг хэрэглэсэн байна.

Жишээ нь,  буга, үхэр, адууны эр хүйсийг дугуй хонхор гарган танигдахаар дүрсэлж харин гүү зэрэг эх амьтны хүйс эрхтнийг бус харин унага төлтэй нь хамт дүрсэлсэн аж. 

Холбоотой мэдээ